Шинэ коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам болон холбогдох төрийн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 05-ны байдлаар ДЭМБ-гаас гаргасан мэдээгээр шинэ коронавирусийн халдварын 24554 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн нас барсан. Энэ нь дэгдэлт эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 06-ны 08.00 цагийн байдлаар 28262 тохиолдол бүртгэгдэж, 562 хүн нас барсан. Тохиолдлын тоо хоногт 3708-аар нэмэгдсэн. Нас баралтын түвшин 2 хувьтай хэвээр байна. БНХАУ-аас гадна 24 улсад 191 тохиолдол, нэг улсад нас баралт /Филиппин улсад/, Бельги улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ.

ДЭМБ-аас эрүүл мэндийн байгууллагын ажилтны аюулгүй байдлыг хамгаалах, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Номхон далайн баруун бүсийн агуулахад маск, малгай, халаад зэргийг төвлөрүүлсэн. Эдгээрийн эхний ачаа хоёрдугаар сарын 8-нд манай улсад ирнэ" хэмээлээ.