БЭЭЖИН. /Синьхуа/. Aрд иргэдээ тэжээх гэж “цаг наргүй” тэмцдэг байсан 70 жилийн өмнөх газар тариалангийн орон Хятад өнөөдөр дэлхийн аж үйлдвэрийн салбарын гол тоглогч бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээс эхлээд өндөр хурдны галт тэрэг экспортолдог том гүрэн болж хөгжин дэвшээд байна.

Хятадын аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил, энэ хөгжлийн гол хүч чухам юу болохыг дор дурдлаа.


-Тэгээс эхлэн “дэлхийн үйлдвэр”-ийг хэрхэн бий болгов?

-Ердөө уул уурхай, нэхмэл эдлэл болон зарим нэг энгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Хятад улс аж үйлдвэрийн салбарын бүх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “дэлхийн үйлдвэр”-ийг хөгжингүй улс орнуудынхтай харьцуулахад харьцангуй бага өртгөөр босгосон юм.

Тус улс 1970 оны сүүлчээс өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхлэн иргэддээ бэрхшээлийг даван туулж өөрсдийн бизнесээ эхлүүлэхэд нь тусалж, жижиг-дунд бизнес эрхлэгчдэд томоохон үйлдвэрлэгчид болох боломжийг олгожээ.Тэр үеэс Хятадын аж үйлдвэрийн салбар жигүүрээ дэлгэж эхэлсэн байна.

Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээс үзвэл, Хятад улс нэмүү өртгийн хэмжээгээр 2010 онд АНУ-ыг гүйцэж түрүүлэн “дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон” болсон бөгөөд тэр цагаас хойш энэ байр сууриа хадгалсаар байна.


-Хятад улс аж үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хэрхэн хөгжүүлсэн бэ?

-21 дүгээр зуун гарснаар Хятад улс өндөр, дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн салбарт анхаарлаа хандуулж эхэлсэн.

Дэлгүүрийн лангуун дээрх “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошготой уламжлалт бараа бүтээгдэхүүнүүдээс гадна өндөр хурдны галт тэрэг, хагас дамжуулагчууд нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын шинэ “нэрийн хуудас” болж байна. 

2017 онд Хятад улсын өндөр технологийн салбарын үндсэн үйл ажиллагааны орлого 15.9 их наяд юань буюу 2.2 их наяд ам.долларт хүрсэн нь 2012 оныхоос даруй 55.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хөгжил дэвшилд хөтлөх судалгааны ажилд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн нь Хятад улсын аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн хөшүүрэг гэж хэлж болно. Тус улс энэ салбарын судалгааны ажилд 2017 онд 318.3 тэрбум юань зарцуулсан нь 2012 оныхоос 83.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Интань хотод болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр нэгэн  ажилтан 5G технологи бүхий роботыг удирдаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийнЖоу Ми)

-Хятадын аж үйлдвэрийн салбарын хүч нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоход хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд бусад улс оронтой нээлттэй хамтран ажилласны үр шимээ Хятадын аж үйлдвэрийн салбар хүртсээр ирсэн бөгөөд өдгөө зах зээлийн бусад тоглогчид илүү өргөн боломжуудыг санал болгож байна. 

2019 оны зургадугаар сард Хятад улс 5G сүлжээг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлэхийг албан ёсоор зөвшөөрснөөр “шинэ ухаалаг эрин үе”-ийн эхлэлийг тавьсан юм. 

Нокиа, Эрикссон, Куалкомм болон Интел зэрэг гадны томоохон компаниуд Хятадын санаачилж буй технологийн туршилтуудад идэвхтэй хамрагдаж, тус улсын эрх бүхий байгууллагууд ч 5G сүлжээ бий болгох, үүнийг хэрэглээнд нэвтрүүлж, хөгжүүлэхэд идэвхтэй оролцож буй дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна.

Энэ нь Хятадын аж үйлдвэрийн салбар дотоод болон гадаадын компаниудад хамт өрсөлдөж, хамтдаа хөгжин цэцэглэх илүү их боломжийг санал болгож буй хэрэг юм. 

Зах зээл, эдийн засгаа дэлхий дахинд нээлттэй хэвээр байлгах нь тус улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгэн хөдөлгүүр билээ. 

 

 

Эх сурвалж: Монцамэ агентлаг