Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ голомтоос үүдэн хийж буй шинжилгээний явцын мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БЗД-ийн голомтоос үүдэлтэй сэжигтэй тохиолдлуудын хоёр дахь давтан шинжилгээ дуусаж, гурав дахь давтан шинжилгээ эхэлсэн.

ХСҮТ дээр бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал болон хоёр дахь хавьтлуудыг илрүүлэх ажил үргэлжилж байна. Томуугийн тандалтын тогтолцоогоор өндөржүүлсэн сорьцуудыг цуглуулж байгаа. Том голомтуудын дараа алаг цоог хэлбэрээр хүн ардын дунд халдварын тохиолдол бүртгэгдэх эрсдэл өндөр байна. Иймээс ард иргэд зөвлөмжийг дагаж, маскаа сайн зүүх хэрэгтэй байна. Шинэ жилийн баяраар гэртээ гадны хүн цуглуулахгүй байхыг анхаараарай. Энэ жил олуулаа тэмдэглэхийг хойшлуулахыг хүсье” гэв.

Харин ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улсын хэмжээнд давхардсан тоогоор 443,228 хүн коронавирусийг илрүүлэх лабораторийн шинжилгээнд хамрагдсан.

Дэлхий дахинд мутацид орсон шинэ коронавирус анхаарал татаж байна. Япон улсад тус халдвар бүртгэгдэж, гаднын зорчигчдыг авахгүй байх шийдвэр гарсан. 

Мөн Европын холбооны олон улсад хөл хорио, сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээгээ шинэ коронавирусээс болж чангатгаад байгаа. Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэд гадуур гарч, дэлгүүрт дараалал үүсгэх явдал их байна. Монгол Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсэх асуудал гарахгүй тул иргэд тайван байж ээлж дараатай үйлчлүүлэх, баярын үеэр хүнсний зүйл ихээр нөөцлөхгүй байхыг анхаарна уу” хэмээв.