Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй “ШИНЭ ЭВСЭЛ”-ийг төлөөлөх нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас УИХ-ын гишүүн, “ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг эвслийн даргаар сонгосныг мэдэгдлээ.

Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.

 “ШИНЭ ЭВСЭЛ”-ийн дарга Ж.Батзандан Хэвлэлийн хурлыг нээж үг хэлэхдээ “Ж.Батзандан: Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 10 гаруй нам, 100 гаруй ТББ, Мэргэжлийн холбоодтойгоо, Монголынхоо шударга эх орончидтойгоо нэгдэж, өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох “ШИНЭ ЭВСЭЛ”-ээ албан ёсоор байгуулж, Мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хуулийн дагуу хүргүүлж байна” хэмээн мэдэгдлээ.

Дараа нь МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Өнөөдөр Монголын нийгэм ямар байгааг хүн бүр дороо бодож, нэг л бишээ хэмээн дүгнэж байгаа. Тэгвэл бид дараагийн 30 жил ямар байх вэ гэдгийг чухам өнөөдрөөс эхлэн ШИНЭ ЭВСЭЛтэйгээ хамтран тодорхойлох ийм түүхэн цагийн өмнө ирээд байна. Өнгөрсөн 30 жилд МАН, АН хоёрын хооронд Монголын нийт хөрөнгө, хүн хүчийг хуваан тарамдуууллаа. Энэ талцал бол монголчуудад, монгол гэр бүлд ашиггүй байсан.  Цаашид Монгол улсын 330 сум дотроо АН, МАН гэж талцдаг биш хөгжил дэвшлээрээ уралддаг, Монгол улс бүхэлдээ хөрш зэргэлдээ улс орнууд, бүс нутагтаа, дэлхийн улс орнуудтай өрсөлддөг байх ёстой. Үүний тулд хүчирхэг төр хэрэгтэй, хүчирхэг төрийн үндэс болсон хүчирхэг гэр бүл, хүчирхэг Монгол хүмүүс хэрэгтэй. Ийм хүчирхэг Монгол хүмүүсийг бий болгохын төлөө ШИНЭ ЭВСЭЛтэйгээ хамт Шинэ эринийг цогцлоож, Шинэ дэг журмыг тогтоож, Шинэ амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе.” Хэмээн уриаллаа.  

Харин Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар “Та нар нэгдээд хол явах уу гэж хүмүүс асуугаад байгаа. Би тэдэнд “Биднийг нэгдээд хол явах уу гэж битгий асуу. АН, МАН-аар удирдуулсан 30 жилдээ Монголын ард түмэн хол явсан уу гэж өөрсдөөсөө асуу” гэж хэлж байгаа. 30 жил хийгээгүй энэ хоёр намыг одоо хийнэ дээ гэж итгэдгээ больё. Өнгөрсөн 30 жилийг МАН, Ан бичсэн байж болно оо. Ирж байгаа шинэ цагийг ШИНЭ эвсэл бичнэ гэдэгт би итгэж байгаа. Авилгачдаа ордонд залчихсан, ард түмэн нь гадагшаа дүрвэсэн эх орон байдаггүй юм аа. Өнөөдөр харийн оронд ажиллаж байгаа мянга мянган хүнийг эх орондоо ирж сайхан ажиллах, эх орондоо амьдарч байгаа хүний авсан цалин нь амьдралд нь хүрдэг чинээлэг амьдралын төлөө бид алхана. Хөдөлмөрлөсөн хүнд боломж олгодог, хөлсөө урсагасан хүн сайхан амьдрах нийгмийн төлөө бид явна гэж зорьж байгаа.” Гэв.