Монгол Улсад валют ордог хэдхэн суваг бий

Нэгдүгээрт нүүрс, зэс гэх мэт эрдсийн бүтээгдэхүүний экспорт, хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж, гуравдугаарт гадаадад ажиллаж буй Монголчуудын эх орондоо илгээдэг мөнгөн тэтгэмж.

COVID-19 вирусийн дэгдэлт манай валютын урсгалын хоёр үндсэн хэсэгт богино ба дунд хугацаанд эрсдэл учруулах нѳхцѳл бүрдлээ.

1. БОГИНО ХУГАЦААНД (3-6 сар хүртэл): 2019 онд Манай улсын нийт экспортын 89%-ийг худалдан авсан БНХАУ нь COVID-19 вируст хамгийн хүнд ѳртѳж нийт ѳвчлѳлийн 90% гаруй нь тухайн улсад бүртгэгдсэнээр аж үйлдвэрийн салбар нь тодорхой хугацаанд зогсонги байдалд орлоо. Ингэснээр хүнд үйлдвэрлэлийн голлох түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ богино хугацаанд сулрах магадлал ѳндѳр болов. Монгол Улс зѳвхѳн 2-р сарын турш нүүрсний экспортоо зогсоосноор нийт 200 гаруй тэрбум тѳгрѳгийн татварын орлого тѳсвѳѳс дутна гэх мэдээг Сангийн сайд танилцуулсан.

2. ДУНД ХУГАЦААНД (1 жил хүртэл): Вирусийн тархалт зѳвхѳн БНХАУ-аар тогтсонгүй, БНСУ, Япон, Итали гэх мэт улсад тархсан. Мѳн COVID-19 вирус нь ѳмнѳх SARS, MERS вирусийн дэгдэлттэй харьцуулахад тархац хурд харьцангуй ѳндѳр байгаа тул энэ нь олон улсын хэмжээнд санхүүгийн хямрал үүсгэх гол хүчин зүйл болох магадлалтай байна. Хэрэв олон улсын хѳрѳнгийн биржүүдэд хѳрѳнгийн ханш суларсаар санхүүгийн хямрал үүсвэл Монголын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн ханш дунд хугацаанд сул хэвээр байхаас гадна Монгол Улсад орж ирэх Гадаадын Шууд Хѳрѳнгѳ Оруулалт үгүй болно.


COVID-19 вирустэй холбоотой эдийн засгийн харьцуулсан судалгаа болон дүгнэлтүүдийг онцолбол:

  1. COVID-19 вирусийн хохирлын хэмжээ SARS-с их байх тѳлѳвтэй. SARS вирус тархахад Ази Номхон Далайн бүс нутгийн улсууд ѳнѳѳгийн ханшаар $15-25 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол хүлээсэн. https://www.hindawi.com/journals/jeph/2018/2710185/
  2. Олон улсын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хэлцлүүдийн харилцан хамаарал улам бүр ѳсч буй ѳнѳѳ үед Хятад улс эрсдэлд орох нь бусад улсын эдийн засагт эрсдэл дагуулах нь гарцаагүй. ОУВС-гийн судалгаагаар SARS вирус тархах 2003 онд БНХАУ дэлхийн нийт ДНБ-ийн дѳнгѳж 8% эзэлдэг байсан бол ѳдгѳѳ 19% болсон. https://www.imf.org/external/datamapper/PPPSH@WEO/OEMDC/ADVEC/WEOWORLD
  3. Шинэ вирус, илүү олон хүнд, илүү богино хугацаанд халдварлаж байгаа нь эдийн засгийн хохирлын цар хүрээг тэлнэ. COVID-19 вирусыг ѳмнѳх SARS, MERS вирустэй харьцуулбал нас баралтын хувь бага ч хурдан тархацтай аж. Тодотговол 1,000 хүнд халдах хугацаа нь MERS вирусийнх 900 гаруй хоног, SARS 130 хоног байхад COVID-19 вирус 48 хоногийн дотор 1,000 хүнд халдварлаж байгаагаар онцлог тул эдийн засагт үзүүлэх хохирол ѳмнѳх халдваруудаас харьцангуй их байх магадлал ѳндѳр. https://www.weforum.org/agenda/2020/02/comparing-outbreaks-coronavirus-mers-sars-health-epidemic/
  4. Дэлхийн тэргүүлэгч 5 үйлдвэрлэгч улсын 3 нь вирусийн тархалтад хамрагдав. БНХАУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бѳгѳѳд нийт үйлдвэрлэлийн 28% эзэлдэг бол удаах байруудыг АНУ (16%), Япон (7%), Герман (6%), БНСУ (3%) эзэлдэг. https://www.weforum.org/agenda/2020/02/countries-manufacturing-trade-exports-economics
  5. Хятад компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болж эхлэв.  БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих зѳвлѳл 1-р сарын сүүлээс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд нийт 1,615 давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор Хятад компаниудад олгов. https://www.cnbc.com/2020/02/20/coronavirus-outbreak-spurs-supply-chain-shifts-started-by-us-china-trade-war.html
  6. Хятадын хувийн хэвшлийн 2/3 нь гурван сарын бэлэн мѳнгѳний нѳѳцтэй. COVID-19 вирус дэгдэхээс ѳмнѳ БНХАУ ба АНУ хоорондын худалдааны маргаанаас болж БНХАУ-ын эдийн засгийн ѳсѳлт сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшинд хүрч 2019 оны байдлаар 6.1% ѳсѳлттэй байсан. https://www.msn.com/en-us/money/companies/millions-of-chinese-firms-face-collapse-if-banks-dont-act/ar-BB10hAyF?li=BBnbfcN
  7. Урьдчилсан таамаглалаар Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ 30-40% унасан байх магадлалтай. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд БНХАУ-ын эдийн засгийн идэвхийг албан тайлангаас урьтаж таамаглах олон арга санаачилсан. Жишээ нь, БНХАУ-ын томоохон хотуудын агаарын чанарын индексийг ѳмнѳх онуудтай харьцуулснаар нүүрсний хэрэглээг хэмжих, Хятадын Google гэгдэх Baidu-гийн хүн амын шилжилт хѳдѳлгѳѳний индексээр хѳл хорионд ороод буй ажилчдыг тооцооллоод байгаа нь тѳдийлѳн эерэг дүр зураг харуулахгүй байна. Аналистуудын үзэж буйгаар 2020 оны 2-р сарын 20 ѳдрийн байдлаар БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 33%, үл хѳдлѳх хѳрѳнгийн борлуулалт 40% унасан бѳгѳѳд ѳмнѳх онуудын Хятадын цагаан сарын дараа ажилтнууд 100% эргэн ажилдаа орж байсан бол энэ жил 33-37% нь ажилдаа эргэн орсон гэх урьдчилсан тандалт гаргасан байна. https://www.cnbc.com/2020/02/24/coronavirus-chinas-air-pollution-levels-smog-show-hit-to-the-economy.html


ЦААШИД ЯМАР ҮР ДҮН ХҮЛЭЭХ ВЭ?

ХЯТАДЫН ХЯМРАЛ: Ухань хотыг Хятадын эдийн засгийн хѳдѳлгүүр хот гэдэг.

Нэгдүгээрт, Уханьд Женерал Моторс, Ниссан, Хонда гэх мэт томоохон авто машины үйлдвэрүүд оршдог. Хоёрдугаарт, Ухань хотын ѳнгѳрсѳн жилийн (2019 оны) дотоодын нийт бүтээгдэхүүний тэлэлт нь 7.8% байсан нь нийт БНХАУ-ын эдийн засгийн тэлэлтийн хурдаас даруй 1.7 функтээр илүү үзүүлэлт.

Зѳвхѳн Ухань ч гэлтгүй Хятадын ихэнх хүнд ба хѳнгѳн үйлдвэрлэлүүд COVID-19 вирусийн тархалтыг намжтал бүрэн хүчин чадлаар ажиллахад хүндрэлтэй болоход нэгдүгээрт ажиллах хүчний хѳл хорионы асуудал, хоёрдугаарт Хятадын түүхий эд болон бараа материалын бэлтгэн нийлүүлэх системийн гачаал голлон нѳлѳѳлнѳ.

Хэдийгээр богино хугацаанд БНХАУ-ын хүнд ба хѳнгѳн үйлдвэрлэлийн салбарын орлого тасалдах хэдий ч ѳнѳѳгийн байдлаар нийт 31 мужийн 30-д ѳндѳржүүлсэн бэлэн байдал зарлаж, хѳл хорио тогтоогоод байгаа улсын хувьд, дунд хугацаандаа буюу 2020 оны турш үйлчилгээ, тансаг хэрэглээ, аялал жуулчлалын салбарын орлого хумигдах нь гарцаагүй. The Economist сэтгүүлийн урьдчилсан тооцооллоор БНХАУ-ын эдийн засгийн ѳсѳлт COVID-19 вирусээс шалтгаалан 0.5-1.0% саарна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Тэгэхээр БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засгийг сэргээх арга хэмжээ авах болно, ингэхдээ мѳнгѳний нийлүүлэлтийг нэмэгдүүлж тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтыг ѳсгѳдѳг уламжлалт аргатай. Магадгүй энэ удаад зарим нэг салбарт татварын хѳнгѳлѳлт ч үзүүлж магагдгүй юм. Гэхдээ одоохондоо Хятадын удирдагчид вирустэй тэмцэх эрүүл мэнд, нийгмийн арга хэмжээнд илүү их анхаарал хандуулж байгаа тул эдийн засгийг хэрхэн сэргээх тѳлѳвлѳгѳѳгѳѳ танилцуулаагүй байна. 

ОЛОН УЛСЫН ХЯМРАЛ: COVID-19 вирусийн тархалт мэт урьдчилан тооцоолоогүй бѳгѳѳд ѳндѳр хэмжээний хохирол дагуулдаг нѳхцлийг эдийн засагчид “Хар хун” үзэгдэл хэмээн нэрийддэг. Энэ удаагийн хар хунгийн үзэгдэл нь сүүлийн 10 жилийн хугацаанд ѳсѳлттэй байсан Хойд Америкийн хѳрѳнгийн захуудын ѳсѳлтийг зогсоох нь гарцаагүй болж эхэллээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд Хойд Америкийн хѳрѳнгийн захуудын индексүүд 4-9%, Ази Номхон Далайн хѳрѳнгийн захын индексүүд 5-10% унасан нь хѳрѳнгѳ оруулагчид эдийн засгийн хямралыг зѳгнѳж буйг илэрхийлнэ. Ийнхүү хѳрѳнгийн захууд суларч, хѳрѳнгѳ оруулагчид идэвхигүй болох нь эдийн засаг дахь шинэ тѳслүүдийг гацаадаг тул хѳгжсѳн улсуудын тѳв банкууд мѳнгѳний нийлүүлэлтээ нэмэгдүүлж бодлогын хүүг хүчээр буулгаснаар Америк Доллар, Евро, Паунд Стерлинг гэх мэт голлох валютуудын ханш суларч алтны үнэ чангарах болно. Сүүлийн үед BREXIT, АНУ ба БНХАУ-ын худалдааны маргаан гэх мэт олон улсын санхүүгийн интеграцид цочрол ѳгсѳн үйл явдлууд ихээр ѳрнѳж байгаа нь олон улсын тѳв банкууд ѳѳрсдийн валютын нѳѳцийг тѳрѳлжүүлж алт худалдан авах нь харьцангуй их болж байгаа нь ч алтны үнийг хѳѳргѳх чухал хүчин зүйл болов. 


МОНГОЛЧУУДАД ЯМАР ГАРЦ БАЙНА?

Монгол Улс 2019 оны эцсээр 4.3 тэрбум ам.доллартай тэнцэх валютын нѳѳцтэй байгаа нь тийм ч муу үзүүлэлт биш.

Гэхдээ 2020 оны эхний хагаст нүүрс, зэсийн экспортын орлого, түүний татвар нь хилийн хориг болон дээрх бүтээгдэхүүний зах зээлийн ханшын уналтаас шалтгаалан тасалдах нь тодорхой. Мѳн 2020-24 онуудын хооронд тѳлѳгдѳх Засгийн Газрын бондуудын тѳлбѳр нийт валютын нѳѳцѳѳс 3 дахин их байгаа нь нѳхцѳл байдлыг улам дордуулах эрдэлтэй. 

Дээрх болзошгүй эдийн засгийн хямралыг туулах хоёр гарцыг бодлого боловсруулагчид анхаараасай. 

НЭГДҮГЭЭРТ АЛТ: БНХАУ-ын олборлогчид 2019 онд 420 тонн алт үйлдвэрлэсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн бол ОХУ-ын компаниуд 310 тонн алт үйлдвэрлэж 3-р байрт жагсав. Харин Монгол Улс дѳнгѳж 15.2 тонн алт тѳв банкандаа тушаасан нь чамлах үзүүлэлт. Одоогоор Монголд шинээр баригдаж буй хэд хэдэн тѳсѳл байгаагаас алт олборлох болон цэвэршүүлэх үйлдвэрлэлүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой. 

 

Алтны үйлдвэрлэлд анхаарахгүй ѳнгѳрч боломгүй зүйл бол олборлогч компаниудын хариуцлагын асуудал.

Алтны ордуудыг шороон ба үндсэн хэмээн хоёр ангилах бѳгѳѳд шороон ордууд ихэнхдээ гол дагаж газрын хѳрсѳнд үүсдэг тул олборлолтын шатанд байгаль орчинд үзүүлэх сѳрѳг нѳлѳѳ ихтэй. Харин үндсэн ордууд газрын гүнд үүсдэг ба үйлдвэрлэлийн аргаар олборлоход тохиромжтой говийн бүсэд байршсан байх нь байгаль экологийн нѳлѳѳлѳл харьцангуй багатайд тооцогддог. Монгол Улсад одоогоор үндсэн ордыг тусгайлан нээж илрүүлэх, олборлоход шороон ордоос давуу нѳхцѳл олгосон хѳнгѳлѳлт байхгүй байсаар байна. 

ХОЁРДУГААРТ ГЕОЛОГИ СУДАЛГАА: 2008 онд Монгол Улсын тѳслүүд нь асар ѳндѳр эрсдэлтэй, татвар тѳлѳгчдийн мѳнгѳѳр гүйцэтгэх нь тохиромжгүй тул Канад, Австрали гэх мэт улс хайгуулын тусгай зѳвшѳѳрлүүд дээрээ хувийн хѳрѳнгѳ оруулагчдыг татахаар санхүүжилт нэмж олгох, татварын хѳнгѳлѳлт үзүүлэх арга хэмжээг хэрэглэж байна.

Хайгуулын тѳсѳл амжилтад хүрэх магадлал харьцангуй бага 1,000 тусгай зѳвшѳѳрлийн 1 нь уурхай болох орд агуулдаг, харин тухайн ордыг олборлох хүртэл нэмж 10 жилийн судалгаа, хѳрѳнгѳ оруулалт шаардлагатай болдог нь дэлхийн дундаж үзүүлэлт.

Монгол Улсыг олон улсын түвшинд хѳрѳнгѳ оруулалт татахад ѳрсѳлдѳх чадвартай цорын ганц салбар бол хайгуул бѳгѳѳд энэхүү салбарыг 2010 онд зогсоосноос хойш сэхэлгүй явсаар ѳдийд салбарын хувьд алга болох нѳхцѳлтэй болсныг дурдах нь зүйтэй.   

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн