ШИНЭ ДЕЛИ. /France24/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн энэ үед тус хотын оршин суугчид хүчилтөрөгчийн мухлагаар үйлчлүүлж эхэлжээ.


Энэтхэгийн хойд нутгийн олон хэсэгт агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрч, амьсгалын замын өвчнүүд үүсгэх эрсдэл үүсжээ. Дээрх мухлагт 15 минутын хүчилтөрөгчийг 300 рупи буюу 4 ам.доллароор худалдан авах ажээ.


Агаарын бохирдлын улмаас Шинэ Дели хотын удирдлагууд сургуулиудын үйл ажиллагаа болон барилгын ажлыг түр хугацаагаар зогсоож, зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрсэн байна.


Шинэ Делид 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэтхэг нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын тоонд багтдаг ба тус улсад жилийн энэ үед агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд хүрдэг аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг