Өв соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үндсэн зорилготой "АГТАНА ХҮРЭЭТ" хүлэгч эрсийн наадам, Олон Улсын гэрэл зургийн фестиваль ирэх сарын 16-17-нд Дарьганга сум Шилийн богд хайрханы энгэрт болно.

Энэ үеэр сум сумаас шалгарсан шилдэг 14 адуучны "Хүлэгч эрс" тэмцээн, олон улсын гэрэл зурагчдын фестиваль, монголын уламжлалт гал өдөөх зан үйл буюу галын наадам, урлаг соёлын тоглолт гээд олон арга хэмжээ болох ажээ.

Өнгөрсөн жил гэрэл зургийн фестивальд БНХАУ-ын гэрэл зургийн холбооны төлөөлөгчид, ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин, Авга хошуу, Хөх хот, Шилийн гол аймаг, АНУ болон Монголын гэрэл зурагчид ирж оролцсон. Эдгээр гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээ наадмын үеэр дэлгэн танилцуулсанаас гадна хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээг гэрэл зургийн хальснаа буулгажээ.