ЛОНДОН. /Independent/. Их Британийн Оксфордын их сургууль дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлжээ.


“Times Higher Education magazine” байгууллагаас жил бүр дэлхийн их, дээд сургуулийн чансааг тогтоодог байна. Энэхүү жагсаалтын хоёрдугаар байрт АНУ-ын Калифорнийн технологийн их сургууль орсон бол гуравдугаар байрт “Cambridge” их сургууль орсон байна.


Жагсаалтын дөрөвдүгээрт Стэнфордын их сургууль, тавдугаар байрт Массачусетсийн технологийн их сургууль бол зургаа, долдугаар байрт Принстон болон Харвардын их сургууль оржээ. Харин найм, ес, аравдугаар байрт Йель, Чикагогийн их сургууль, Лондон хотын Эзэн хааны коллеж тус тус жагсжээ. 


Дэлхийн хамгийн шилдэг их, дээд 200 сургуулийн 60 болон жагсаалтын эхний 10 сургуулийн 7 нь АНУ-ын сургуулиуд байна.


Ташрамд дурдахад, “Times Higher Education magazine” байгууллагын энэхүү жагсаалтад дэлхийн 92 орны 1300 гаруй их, дээд сургуулийн хамрагджээ. Жагсаалтыг гаргахдаа тухайн их дээд сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улсын хамтын ажиллагаа, төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, гадаад оюутны тоо зэргийг харгалзан үзжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг