Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас гаргасан албан тоотын дагуу мэргэжлийн хяналт, стандартчлал, хэмжил зүйн газруудаас орон нутагт ажиллаж буй зарим компанийн ШТС-уудад шатахууны түгээлтийн байдалтай танилцан шалгасан байна.

Шалгалтыг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ШТС-ууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа гэсэн мэдээлийн дагуу хийжээ. Үүнтэй холбогдуулан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгосон эрх, чиг үүргийнхээ дагуу ШӨХТГ-аас МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газарт “ШТС-уудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтын дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх” талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Энэ хүрээнд МХЕГ есдүгээр сарын 24-ний 01/236 дугаартай удирдамжтай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын ШТС-ын түгээгүүрийн хэмжлийн нэгдмэл байдалд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хийж гүйцэтгэсэн байна.Хяналт шалгалтад нийт 16 компанийн ШТС-уудаас түүвэрлэн сонгож 22 объектыг хамруулан шалгахад түгээгүүрүүд нь улсын баталгаажилтад хамрагдсан гэрчилгээтэй, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй, түгээгүүрийн хэмжил зүйн үзүүлэлт нь “Шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл” MNS 3015-2014 стандартын шаардлага хангаж, шатахууны дутуу шахалттай холбоотой зөрчил илрээгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг