Олон нийтийн зөвлөлд одоогоор 46 гомдол иржээ. Үүнээс 11-ийг АТГ-д хүргүүлсэн бол 2 гомдолд нь хэрэг бүртгэлт эхлүүлжээ.  Мөн албан тушаалтны авлига, хууль зөрчсөн эсэхийг нягталж зарим мэдээллийг. хүргэсэн юм.

Цэцэрлэгийн эрхлэгч 24 сая төгрөгийг хувьдаа  завсан нь илрэв

Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Ганхуяг эцэг эхчүүдээс 14 сая төгрөг цуглуулж хувьдаа завсан талаар тус зөвлөлөөр мэдээллээ. Тэрбээр энэхүү мөнгөөрөө тус цэцэрлэгт ажилладаг ажилчид, ойр дотны хүмүүстэйгээ Эрхүү рүү аялалаар явсан байна. Үүнийгээ эцэг эхчүүдэд цэцэрлэгт хор цацсан хэмээн худлаа тайлбарлажээ. Үүнд шаардлага тавьсан ажилчиндаа зүй бусаар хандаж хэл амаар доромжилсон гэв. Хоёр жилийн өмнө Б.Ганхуяг багш, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, төрийн бус байгууллагын шагналыг мөнгөөр авдаг, хүүхдийн хоолны дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирж байсан юм.

Мөн БЗД-ийн 129-дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаа гадаа талбай, суултуур тохижуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс 24 сая төгрөг цуглуулж хувьдаа завшжээ. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд тус цэцэрлэгийн эрхлэгч ажилчиддаа бясалгал хийлгэхийн тулд хүүхдүүдийг олон цагаар эзэнгүй орхидог гэсэн мэдээлэл ирсэн байна.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг АТГ шалгаж эхэлжээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Төмөр замын тос тосолгооны бараа нийлүүлж нийт 1 тэрбум 858 сая 500 мянган төгрөгийн дүнтэй гэрээг тендергүйгээр нийлүүлжээ. Ингэхдээ үнэлгээний хорооны гишүүдийн зөвшөөрөлгүй ганцхан гарын үсэгтэйгээр энэ ажлыг гүйцэтгэсэн байна. Уг тосны нэг тонны үнэлгээ зах зээл дээр 4,652,856 төгрөгийн өртөгтэй ч 10,325,000 төгрөгөөр нийт 180 тонныг авахаар Туркийн нэг компанитай хийжээ. Хүчин төгөлдөр бус гэрээнд урьдчилгаа 929,250,000 төгрөг шилжүүлсэн байна.  Энэхүү 1 тэрбум 900 сая төгрөгийн засварын машины гүйлгээ офшор дансаар хийгдсэн  бөгөөд үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэл нээгдсэн гэдгийг тус олон нийтийн зөвлөлийн зүгээс мэдээлэв

Өнгөрсөн жилийн өдийд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Жигжиднямааг томилж байсан билээ.