Венесуэлийн нийслэлд өнгөрсөн онд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр шатаж буй нэгэн залуугийн зургийг авсан "Франс-Пресс" мэдээллийн агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Роналду Щемидт “World Press Photo 2018” олон улсын гэрэл зургийн уралдааны ялагч болжээ. Шагнал гардуулах ёслол өчигдөр Нидерландын нийслэл Амстердам хотод болсон байна.

"Франс-Пресс" агентлагийн мэдээлснээр, 2017 оны тавдугаар сарын 3-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод эсэргүүцлээ илэрхийлэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нэгэн мотоциклийн банк нь дэлбэрснээр 28 настай Хосе Виктор Салазар хэмээх эсэргүүцлээ илэрхийлэгч залуугийн хувцсанд гал авалцан шатаж эхэлсэн байна. Энэ "мөч"-ийг  Р.Щемидт гэрэл зургийн хальсанд буулгаж, зургаа “Венесуэлийн хямрал”  гэж нэрлэсэн аж. Уг гэрэл зураг нь дэлхийн 125 улсын 4548 гэрэл зурагчны илгээсэн  нийт 73044 гэрэл зураг дундаас “шилдэг”-ээр шалгарсан байна. 

Р.Щемидтийн бүтээлийн гол баатар Х.В.Салазар нэг-хоёрдугаар зэргийн түлэгдэлттэйгээр амьд мэнд үлдэж чаджээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг