Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэл Парис хотод “Шар хантаазтнууд” дахин жагссан бөгөөд зургаа дахь долоо хоногтоо дараалан жагсаж буй нь энэ болжээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард өрнөж байсан жагсаал цуглаантай харьцуулахад жагсагчдын тоо ихээхэн цөөрч, Парис хотод 2000 гаруй хүн жагссан байна. Энэ сарын 10-нд Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон татвар болон цалингийн талаархи мэдэгдлийг хийсний дараа жагсагчдын тоо буурч эхэлсэн юм.

Баасан гарагийн шөнө тус улсын өмнөд нутгийн Перпиньян мужид зам тээврийн ослоор нэг хүн амиа алдсанаар уг жагсаалын улмаас амиа алдсан хүний тоо 10 хүрсэн байна. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, сүүлийн жагсаал цуглааны үеэр 142 хүнийг баривчилсны дунд жагсаалыг зохион байгуулсан хүн багтаж байжээ.

Дотоод хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэснээр, өнгөрсөн амралын өдрүүдэд улс даяар 38 мянга гаруй хүн жагссан ба энэ сарын 15-ны жагсаал цуглаанд нийт 66 мянга орчим хүн оролцсон ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC