УИХ-ын гишүүн Ш.Адьшаа цаг үеийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол орны ихэнх нутаг, түүний дотор баруун бүсийн аймгуудад хур бороо ороогүйн улмаас ган болж, зуд нүүрлэх аюул тулгарч байна. Үүнээс үүдэлтэй малчдын болон өвөлжилтийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. 

Зудын эрсдлээс гарахын тулд хамгийн түрүүнд өвс, тэжээлийн хангамжийн асуудал чухал. Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд Монголын өвс, тэжээлийн суурь бааз юм. Өнөөдрийн байдлаар эдгээр суурь бааз дахь өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдийнхээс огцом өссөн байна. 

Тухайлбал, 2019 онд 25 кг-аар пресслэсэн өвс Дорнод, Сүхбаатар аймагт 2500 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 18 кг-аар пресслэсэн өвс газар дээрээ 5000-6000 төгрөг, Улаанбаатар хотод 11000-12000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэж хүргэхэд тээврийн болон бусад зардлыг нэмээд 20 гаруй мянган төгрөгт хүрэх нөхцөл бий боллоо. 

Өвс, тэжээлийг хэдэн төгрөгөөр зарахыг өвсний ченжүүд мэдэж байна.

Дорнод, Сүхбаатар аймагт өмнөх жилүүдэд БНХАУ-аас орж ирсэн тус улсын компаниуд өвс, тэжээл бэлтгэдэг байсан. Тэдгээр компани арга барилаа өөрчилж, өвс тэжээлийг монгол иргэдээр бэлтгүүлж, зах зээлд борлуулдаг нь тодорхой болсон. 

Иймд Монгол Улсын Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчдийг эрсдлээс хамгаалах цаг болсон, анхаарлаа хандуулах шаардлагатай" хэмээлээ.

Мөн тэрээр "Өвс, тэжээлийн хангамжийг сайжруулахын тулд нэгдүгээрт тэжээл импортлох шийдвэр гаргах ёстой. Мөн зөвхөн намар болохоор, өвс тэжээлийг санадаг, бэлтгэх тухай ярьдаг байж болохгүй. 1990-ээд оноос өмнө монголын баруун аймгуудад тэжээлийн олон аж ахуй ажиллаж байсан. Тэдгээрийг сэргээж, шийдвэрлэх ёстой. Энэ хүсэлтээ албан ёсоор Ерөнхий сайдад хүргүүлж байна. 

2021 оны улсын төсөвт тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээх хөрөнгийг төсөвлөж, орон нутгийн иргэд, малчид эдгээр тэжээлийн аж ахуйгаар дамжуулан өөрсдийн мал аж ахуйд шаардлагатай тэжээлээ бэлтгэх нь зүйтэй. Энэ нь малчид, малыг байгалийн эрсдлээс хамгаалах, цаашлаад газар тариалан, мал аж ахуйн асуудал шийдэгдэх боломжийг бүрдүүлнэ" гэдгийг онцлон мэдээлэв.