Шадар сайд У. Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд нийгэмд дэгдээд байгаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт “Өнөөдөр” сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.

  • -Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа.
  • -Хууль хяналтын байгууллагууд төрд үүссэн бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна.
  • Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.
  • Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй
  • Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан.
  • Сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай. 
  • “Херо” Баатартай ярьсан яриаг эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гэх гээд байгаа юм шиг байна лээ.
  • Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй. 
  • Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн. 
  • Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.
  • Хэргээ илчилсэн гэрчийг унтаж байхад нь шөнө дөлөөр цонхыг нь хагалан орж, баривчлаад өнөөдрийг хүртэл шоронд хорьж, эрүүдэн шүүж байна.
  • Миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн.
  • Журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа.
  • Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.
  • Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал
  • Мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ
  • Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. 
  • Бид сонгуулиас сонгуулийн хооронд бодлогогүй урссаар ижил гараанаас гарсан улс орнуудаасаа хөгжлийн суурь үзүүлэлтүүдээр хоцорч эхэллээ.
  • Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй