Соёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа гуайн "Өөрөөс эхлэх амьдрал" ном гарчээ. Номын зохиогч нь түүний зээ охин сэтгүүлч Б.Саруул юм. Эмээгийнхээ нэгэн адилаар сэтгүүлчийн амьдралаар замнаж яваа түүнийг UBS телевизээр овоглож ажлын гараагаа эхлэснийг олон түмэн мэдэх билээ. Түүний бичсэн энэхүү ном тун удахгүй нээлтээ хийж номын дэлгүүрээр тавигдаж уншигчдын хүртээл болох нь. Энэ тухайгаа сэтгүүлч Б.Саруул ийнхүү бичжээ.

"АТАМАН эмээгийнхээ тухай ном бичиж дүүргэлээ. Айж л байна шүү бас л. Юутай ч зуны гурван сар нойр, хоолоо хугаслан бичсэн номоо халуун алган дээрээ тавьлаа. Удахгүй эмээгийнхээ мэндэлсэн өдөр бэлэг барин өгөхөөр сэтгэл догдлон сууна. Олон ч хүн зээ охиных нь өнцгөөр Амбалаа яаж харагдах бол гэж надаас асуусан. 

Монгол тулгатны 100 эрхэмд орсноос нь хойш нэвтрүүлгийн цөөхөн хоромд хорвоогийн юмс бүхнийг дахин нэг эргэцүүлэн бодох сэдлийг бусдад өгөх энэ эрхэмсэг хатагтай амьдрал дээр ямархан ээж, эмээ вэ үр хүүхдэдээ хэлдэг үгс нь лав хоосонгүй байгаа даа. Чи ойр байдаг хүн нэг сайхан ном тэрлээч. Нэвтрүүлэг бол минутад хавчигддаг, ном бол хуудсанд захирагдахгүй шүү дээ. Дотоод сэтгэлдээ байгаа бүхнээ хуваалцаач. Итгэл, сэтгэл агуулсан сайхан ном болно доо гэх үгийг цөөнгүй сонссон. Гэлээ ч бэргэж хургасаар л байлаа. 

 Ямар зориг хаанаасаа ч гарсан юм бүү мэд. Ямар ч байсан уншигчиддаа бүхнээ уудаллаа" хэмээн бичжээ.