Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүд өчигдөр орой УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан. С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сүүлийн 4 хоног Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад буй юм.

Уг уулзалтын үеэр Х.Нямбаатар "Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр хамтарч ажиллая. С.Ганбаатар гишүүн одоо өлсгөлөнгөө зогсоо. Уг асуудлаар шинээр ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Ажлын хэсэг байгуулаад цөөнхийн бүлгийн төлөөлөл Н.Алтанхуяг, С.Ганбаатар, ЕТГ-ын дарга Ө.Шижир нарыг оруулаад ажилла гэсэн. Энэ дагуу Ажлыг хэсэг байгуулна. 

Яг одоо энд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон ХЗДХЯ-ны нэхэмжлэхэд өөрчлөлт оруулж, гарын үсэг зурах эрх бүхий албаныхан байна. Тал талаасаа хэлэлцээд нэхэмжлэхээ гаргая" хэмээв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би зүгээр байж байгаад гэнэт өлсмөөр санагдаад өлсгөлөн зарласан юм биш. Оюутолгойн асуудлаар чуулганд хэд хэдэн удаа асуулга тавьж, үг хэлж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавихад хуулийн хугацаа буюу 30 хоногтоо багтаж хариу ирүүлээгүй. Энэ бол үл хүндэтгэсэн явдал. Мөн УИХ-ын даргын зөвлөлд хандсан. Дийлээгүй. Тиймээс энэ аргын хэрэглэсэн" хэмээлээ.

Улмаар тэд нэхэмжлэхэд оруулах үг, өгүүлбэрийг зөвшилцсөн юм.

Үүний дараа буюу шөнийн 03:30 цагт С.Ганбаатар "Маргааш 09:00 цагаас Ерөнхий сайд  Нью-Йоркийн дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулахаар болсон. Албан бичгийг явуулах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй үргэлжлүүлэх болно" хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн.

Тэрээр мөн өнөөдрийн 09:00 цагт "Эмчдээ үзүүлчихлээ. Бие маань сайн байна. Өлсгөлөнг 5 дахь өдрөө буюу 97 цаг үргэлжлүүлж байна. Одоо 09:00  цагаас Ерөнхий сайд Нью-Йоркийн Дээд шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурж явуулах ёстой. Албан бичгийг явуулах хүртэл өлсгөлөнгөө зогсоохгүй үргэлжлүүлэх болно" хэмээн дахин бичжээ.