Орхан Памук "Цагаан цайз" Роман "Би яагаад би вэ" Сэтгэлзүйн хүүрнэл зохиолын гарамгай мастер Памукийг гадаад ертөнцөд алдаршуулсан энэ роман зохиомж хийгээд дүрээр дамжуулан өгүүлэх гэсэн нь санаа хүний дотоод ертөнц рүү хандсан өвөрмөц зохиол юм.

Зохиолч нь тоосонд дарагдсан хуучин гар бичмэлийг сэргээн сийрүүлж байгаа маягаар бичсэн нь зохиолч үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх, тайлбар хийх, дүрүүдээ эсрэг тэсрэг хуваан зааглах уламжлалт аргаас зайлсхийж уншигч өөрөө учир шалтгааныг тайлах сэдэл өгч байгаагаараа онцлог юм. Истанбулд олзлогдсон ирсэн Венец боолын дурсамж маягаар, тэр боол өөртэй нь усны дусал шиг адилхан Султаны зөвлөх Хожа гэх эрхэмтэй арван таван жил хамт амьдарсан тухайгаа хүүрнэх түүхүүд. Тэс өөр хоёр хүний гадаад төрх төдийгүй, бодол санаа, сониуч зан, мэдлэгт тэмүүлэх хүсэл мэдсэн сурсан зүйл нь ч адилхан байх нь гайхал төрүүлнэ. 

Хүн толинд гадаад төрхөө хэрхэн хардаг билээ яг түүн шиг бодол руугаа өнгийгөөд сэтгэлээ харж болох юм гэдэг санаа хоёр ихэр дүр бүтээх сэжим болжээ. Хожа бол зөнч, шинжлэх ухаанд дурлагч, орчлонгийн юмс үзэгдлийн нууцыг нээх гэсэн хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй хүн. Гагцхүү өөрийнх нь уншиж судалсан бүхэн, хуримтлуулсан мэдлэг нь  яагаад? гэсэн олон асуултанд хариу өгч чадахгүй хязгаарлагдмал байгаа учир өрнийн шинжлэх ухааны мэдлэгээс суралцахыг чармайна.  Гэтэл Венец боол  өөрөөс нь дээрдэх юмгүй. Хожа одон орон судлал, анагаах ухаан, инженерчлэл, шинжлэх ухаан сонирхож, таамаглал дэвшүүлж, газар хөдлөх, тэнгэр дуугарах гээд орчлонгийн юмс үзэгдэл бүхний цаад учир шалтгааныг нээхийг хүсэж байна.

"Мэдлэгт хүрэх анхны догдлол яах аргагүй уйдаж шаналсан сэтгэлээс төрдөг" Эргэлзээ бол философийн эхлэл. Гайхах бол шинжлэх ухааны анхны сэдэл. Дорнын мэргэдийн хийсвэрлэл, бясалган бодож, зөн билгээр нээсэн бүхэн Өрнийн туршилтын шинжлэх ухаанаас зөрөх юм байхгүй.

 Зөнч Хожа бол дорнын мэргэн ухааны бэлгэдэл. Птоломейн гараг эрхэсийн тогтолцоонд тэр эргэлзэж байна. Гараг эрхэс үл үзэгдэгч бөмбөлөгөөс дүүжлээстэй бус өөр ямар нэгэн үл үзэгдэх татах хүч үйлчилж байна гэж таамаглана. 

Бүх одод бидний мэдэхгүй төв цэгийг тойрон эргэдэг байж магадгүй. Гайхалтай уран сэтгэлгээ шүү. Амьдрал хүлээлт биш амтыг нь хүртэх учиртай тэр зүйл. "Би яагаад би вэ? -адармаатай, хүнд хэцүү, шаналгаат асуулт. Би яагаад би вэ гэдгээ мэдэхийн тулд өөрийнхөө дотоод ертөнцийн нэгжихээс өөр аргагүй. Хүн өөрөөсөө ч нуух нүцгэн үнэнийг дэлгэнэ гэдэг хэцүү. Тиймээс зохиолд хоёр ижил дүр гарч байна. Нэг хүний хоёр төрх буюу хүн өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж байгаа тухай.   Хүний тархины тайлагдашгүй нууцад нэвтрэх түлхүүр юу вэ? гэсэн асуултанд хариу өгөхийг зорьжээ. Ширээний хоёр буланд суугаад хоёр биенээ үзэн ядсаар өөр хоорондоо улам бүр төстэй болсон хоёр хүний түүх. Үгүй, ээ энэ чинь ердөө нэг хүний түүх. Ордны тэргүүн зурхайч Хожа намтраа бичихдээ Венецийн боол гэсэн зохиомол дүр оруулж өөрийн үнэн түүхийг өгүүлжээ. Өөрийгөө хөндлөнгөөс харж бичсэн гэсэн үг. Тэгж байж үнэн болно. Хоёр дүр бол зохиолчийн төөрөгдүүлэх гэсэн арга.Зохиолын төгсгөлд аялагч өвгөн Эвлияа "Бид хачин гайхмаар зүйлсийг хорвоо ертөнцөөс эрэлхийлэх ёстой, тархиа уудлаад суугаад байж болохгүй. 

Зөвхөн өөрийнхөө дотор аялаад, өөрсдийнхөө л тухай өдөр шөнөгүй бодоод байвал аз жаргал гэгчийг мэдрэхгүй" хэмээн хэлдэг. Энэ нь зөвхөн өөрийн соёл иргэншилд шүтэн амьдрах бус өрнийн өөр бусад соёл иргэншлийн дэвшилтэт бүхнийг ашиглах тухай гүн өгүүлэмж юм. Өрнийг ухаангүй шүтэн бишрэх хэрэггүй. Бидэнд бас өөрийн өв соёл,үнэт зүйл байна. Гэхдээ иргэншлийн сүлэлдээнийг хорих аргагүй. Турк бол өрнө, дорнын соёлын уулзвар болсон онцгой бүс. 

Венец боол мусульман шашинд орохгүй гэж амь насаараа дэнчин тавьдаг нь өөрийн үндэстний онцлог, шашин шүтлэгээ өөр ямар ч илүү дэвшитэт зүйлээр солихгүй, орлуулахгүй гэсэн зохиолчийн санаа байж магад. Уншигч тайлбарлах бус таамаглах эрхтэй.  Дунд зууны үеийн Османы эзэнт гүрний ордны амьдрал, түүхэн үйл явдлуудыг яруу сайхан дүрслэн үзүүлжээ. Улс гүрнийхээ түүхийг өвөрмөц сонин зохиомжоор баяжуулан, сонирхол шохоорхол татахуйц, ургуулан бодох сэдлийг төрүүлсэн, эргэцүүллийн мананд унагасан гайхалтай зохиол юмаа. Үе үе зүүдэлдэг хар дарсан зүүдэн дэх шиг биеэсээ гараад өөрийгөө гаднаас нь ажиглах тэр мэдрэмж танд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? 

Энэ зохиолыг уншихад яг тийм мэдрэмж төрж байна. Хожа ихэр дүр бий болгож түүгээрээ өөрийнхөө тухай бичүүлнэ гэдэг тун уран санаа шүү. Хожа ч юу байхав Орхан Памукийн л уран санаа шүү дээ. Монгол зохиолч монгол зохиолоо бичиж дэлхийд гарах тухай яриа хөөрөө бий. Хэний ч мэдэх түүхийг хүүрнэж, хэнд ч тохиолдох амьдралыг бичээд байвал хэн тоож үнэлэхэв дээ. Энэ мэт уран сэтгэмж, яруу сэтгэлгээгээр баяжуулж байж дэлхийн дэвжээнд гарах байх.

Энэ цаг үеийн постмодернизмын гол төлөөлөгч Орхан Памукийн бүтээл манайд овоо орчуулагдаж байгаа нь сайхан юм даа. "Мулгуу амьтад оддыг тоож үздэггүй шиг одод ч мулгуу амьтадыг хялайж хардаггүй" тун онвчтой зүйрлэл. "Толинд туссан Будда" гэх зүйрлэл ч дотоод сэтгэлээ тань, өөрийгөө нээ гэсэн онч дохио буюу.