Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Гудамжинд таарсан залуус цэцгийн баглаа, амтат бялуу барьсаар хаа нэг тийшээ яарах нь энэ өдрийн бүрэн зураглал мөн. Харин энэ удаа гадуур халдвар их байгаа тул хайртай бүхнээ аюулаас хамгаалж гэртээ тэмдэглэхийг хүсэж буй хэн бүхэнд зориулаад хамгийн нандин, хамгийн дурсамжтай бэлгийн санааг бид бэлдлээ.  Энэ бэлгийг өгөхөд танаас мөнгө биш сэтгэл шаардагдана.

 Өглөөний цай бэлдэх 

Зөвхөн хайртдаа зориулсан онцгой, амттай өглөөний цай бэлдэж өгөөрэй. Магадгүй та заримдаа өглөөний цай бэлдэж өгдөг байх. Гэхдээ энэ өдрийнх илүү онцгой байх ёстой. Тиймээс амт, таваглалт, чимэглэлт гээд бүх зүйл чинь сэтгэл татам байх ёстой шүү. Гараа гаргаж бэлдсэн амттай өглөөний цайгаа зүгээр л ширээнд суулгаад өгөх гэж байна уу? Тэгж хэрхэвч болохгүй . Танд ямар нэгэн шинэлэг санаа хэрэгтэй. Хэрвээ танд ямар нэгэн санаа байхгүй бол яагаад үлгэрийн гүнжээс санаа авч болохгүй гэж. Эмэгтэй хүн бүр гүнжтэй хүүхэлдэйн кино үзэж өсдөг. Магадгүй зарим нь өөрийгөө гүнж мэт төсөөлж орон дээрээ өглөөнийхөө цай уухыг хүсдэг ч байж мэднэ. Та яагаад эхнэрийнхээ/ хайртай бүсгүйнхээ/ бяцхан мөрөөдлийг биелүүлж, гүнж болгож болохгүй гэж. Эцэст нь хэлэхэд эмэгтэй хүн бүрийн дотор гүнж нуугдаж байдаг юм. 

 ✔Магтах 

Ганцхан олдох амьдралын чинь хором мөч бүрийг баяр гуниг, аз жаргалаар хослуулж яваа хайртай гэргийдээ, найз охиндоо урмын үг харамгүй хэлээрэй. Зөвхөн танд л сайхан харагдах гэж хичээж будсан нүүрийг нь, биеэ сайхан авч явдаг зан чанарыг нь, хичнээн ядарсан ч гэр бүлдээ зориулж хийдэг амттай хоолыг нь, үргэлж цэвэр таатай орчинг бүрдүүлж байдаг хөдөлмөрч занг нь магтаалын үгээр урамшуулаарай. Хайртад чинь өөр ямар зан чанар байдаг вэ? Тэр бүгдийг нь магтаарай. Эмэгтэй хүн гэдэг чинь 1000 сарнай хараад  уярдаггүй мөртлөө, ганцхан сайхан үг хэлэхэд нүүрэнд нь мишээл тодорч, баярладаг ийм гэнэхэн ертөнц шүү.

Халамжлах

Мөс шиг хүйтэн эрийн дэргэд ямар эмэгтэй хүн үлдэх билээ. Зөвхөн минийх гээд хүсэж, хайрлаж, шунан дурлаж, магадгүй хэн нэгэнтэй өрсөлдөж байж авсан чиний аз жаргалын цэцэг бол эхнэр чинь/ хайртай бүсгүй/ . Ямар ч сайхан цэцгийг услахгүй бол үхдэгтэй адил эмэгтэй хүнийг халамж хайраар дутаавал нүд гэх цэцгийн дэлбээ нь гундахад амархан байдаг юм. Харин хайрлаж, халамжилж чадвал зөвхөн чамд зориулагдсан тансаг цэцгийн хүрээлэн ч болж чадна. Магадгүй таны эхнэр ядарсан бол халуун цай бариулаад, ядарж байна уу гээд ганц удаа асуугаарай. Магадгүй таны эхнэр уурласан бол яагаад уурласан бэ гэж асуухаасаа өмнө зүгээр л чанга тэврээрэй. Ядраад ороод ирэхэд нь миний хайр амар, хань нь хоолоо хийчихье гээд ганц удаа ч болов хэлээрэй. Халамж гэж үүнийг хэлдэг болохоос биш үнэтэй машин авч өгчихөөд пээдгэр алхахыг хэлдэггүй юм шүү. 


Үнсэх 

Адгуус араатан хэрхэн бие биедээ хоол хүнсээ хошуугаараа дамжуулж буйг ажигласан хүн-сармагчингууд нэгийг сэтгэж, үнсэлцдэг болжээ. Харин хүй нэгдлийн хүмүүс нөгөө хүнээ мэдэрч, “амтлахын” тулд үнсдэг байсан аж. Харин би үнсэлтийг хайрын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг гэж боддог. Эмэгтэй хүмүүсийн ихэнх нь үнсүүлж сэрэхийг хүсдэг. Тэгэхээр энэ яавч энгийн зүйл биш. Магадгүй та зүгээр л үнсэлт үү гэж бодож магадгүй. Гэхдээ үнсэлт нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал хэсэг байж ч мэднэ.Тиймээс энэ өдрийг үнсэлтээр эхлүүлээрэй. 

Хайртаа хүмүүсийг нь хайрлах/ хүндэтгэх

Магадгүй энэ өдөртэй холбоогүй байж мэдэх ч таны анхааралдаа авах ёстой зүйлсийн тэргүүн эгнээнд энэ зүйл заавал орох ёстой. Хэрвээ та хайртай эхнэрээ аз жаргалтай байлгая гэж боддог бол түүний хайртай хүмүүсийг ч мөн адил хүндлэх хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүний хувьд ээж аав, ах дүү нар нь хамгийн чухал хүмүүс байдаг юм шүү. Та дарга, түшмэл, даамал өөр хэн ч байж болно. Гэвч та хайртай бүсгүйнхээ төлөө тэвчээр гаргаж сурах хэрэгтэй. 

Амраах 

Эрэгтэй хүмүүс зөвхөн нэг зүйлдээ анхаарал төвлөрүүлж чаддаг бол эмэгтэйчүүд нэгэн зэрэг олон зүйлд анхаарал хандуулж чаддаг онцлогтой. Тэд нэг гараараа хоолоо хийж нөгөө гараараа хүүхдээ тэврэх, нөгөө хүүхдийнхээ хичээлийг давтуулах чадвартай. Тиймээс нэг өдрийг бүтэн өөртөө зарцуулах тэр эрхийг нь олгоорой. Олон зүйлд сэтгэлээ хуваалгүй зөвхөн өөртөө анхаарах, магадгүй юу ч бодолгүй халуун ваннд хэвтэх, юунд ч санаа зовохгүй киногоо бүтэн үзэх, найзуудтай утсаар ярих, фэйсбүүкээ удаан шалгах, тайван суугаад халуун хоол идэх тэр л тансаг эрхийг нь энэ өдөр олгоорой. 

Захидал бичих 

Та хоёрын хайр сэтгэл, хамтын амьдрал хэдэн жилийг ч өнгөрөөсөн байж болно. Тэр жилүүдэд хамтдаа хөгжилдөж, хамтдаа гунигласан, баяртай, хэрүүлтэй, уйлалдсан, жаргасан өдрүүд олон байсан байх. Магадгүй тэр үед хэцүү байсан ч эргээд бодоход дурсамжтай тэдгээр өдрүүдийнхээ тухай захидал болгон бичиж, хамтдаа уншиж дурсамжаа сэргээгээрэй. Захидал гэдэг бол үеийн үед хамгийн нандин байсаар ирсэн, одоо ч байгаа, цаашдаа ч байх сэтгэлийн хамгийн нандин бэлэг юм шүү.