Ариун нандин хайр сэтгэлээр ухаангүй дурлаж яваа хүн тэрхэн мөчдөө гэгээрдэг ч байж магадгүй...Ямар сайхан яруу төгөлдөр үгсээр тэрлэсэн бүтээл болохыг уншигч хүмүүн л мэдэрнэ. Хэл сэтгэлгээ хоёр гүн нарийн холбоотой болохыг хэл шинжлэлийн эрдэмтэд тогтоосон нь буй. Дорно бол хийсвэр сэтгэлгээний ертөнц. 

Гоо сайхны туйлд хүрээд өөрийг нь бүтээгч модноосоо салан одсон навчис яруу найрагчдын дотоод сэрэл мэдрэмжээр аялан цаг хугацааны битүү тойрогт эргэлдсээр буйг зохиолч Дарма.Батбаяр гярхай анзаарч Равжаа хутагтад бясалгалын үндэс болсон тэр навч Монголын үе үеийн яруу найрагчдын билгийн мэлмийд хэрхэн тусаж буйг гайхалтай уран гаргалгаа, задлан шинжлэлээр таны өмнө дэлгэж байна. 

"Өөрийгөө танихгүй байж өнгөт орчлонг танина гэдэг өвсний шүүдрээр ундлахын үлгэр буюу" уран бүтээлчийн эрэл хайгуулын эцэстээ өөрийгөө танихад оршиж байгаа мэт. Өөрийгөө таньсан тэр уран бүтээлээс нь уншигч хүмүүн бас өөрийгөө таньж мэдэх нь жам буй за.

"Би гучин жилийн турш зөвхөн өөрийгөө таньж мэдэхийг чармайв. Сэтгэл ариун биш бол бурхныг хэзээ ч ойлгохгүй" гэж гэгээрсэн багш М.Ганди айлджээ. Үнэнийг олох, өөрийгөө хайх гэдэг хүнд хүчир ч амьдралын утга учир энд л оршин буй. "Үнэн арчлах тусам их үр жимс ургадаг асар том мод мөн. Үнэн буй гэдэгт итгэсэн хэн бүхнийг ариусан гэгээрэх зам хүлээж байдаг ажгуу" хэмээсэн нь юутай сайхан урмын үг. 

Номын "Хөрөг эсээ","Уянгын эсээ", "Шинжлэл эсээ" гэсэн гурван бүлэгт гучин эсээ багтсан байна. Нэг эсээ уншихад л нэг том ертөнцөөр аялах мэт сэтгэгдэл төрнө. Энэ ном уран бүтээлчийн дотоод ертөнц, үнэний эрэл хайгуул, сэтгэлгээний эрх чөлөө, зохиол бүтээлийн задлан шинжлэл гээд олон арга барилаар бүтээгдсэн нь өөрөө гайхамшиг юм. 

"Юмсын мөн чанарыг нээх арга бол зөн" -Энэ бол дорнын философи. Юмс үзэгдэлд нэвтрэн орж түүнийг мэдрэн, мөн чанарыг нь нээсэн цагт сая шүлэг төрдөг гэх бөлгөө. Ертөнцийн үзэгдэл юмсыг учир шалтгааны үүднээс тунгаан сэтгэн бодох нь тэрхүү үзэгдлийн тухай жинхэнэ мөн чанарт нэвтрэн орно гэсэн үг. "Аглаг шугуйн салхи үнэрээ гээж Амраг шувууд уйлалдсан намрын орой...Д.Урианхай. Сэтгэлд шүлэг төрнө гэдэг тэнгэрт од харвахтай адил хэмээн уулга алджээ.

 "Урангоо марал 

Уулнаас орж ирэхээр л 

Униар манан татдаг гэнэм 

Урд шөнийн манангийн ихийг ээ...Д.Нямсүрэн.

Яруу найрагчийн эрх чөлөөний тухай төсөөлөл нь энэ гэнэм. Юутай уран яруу илэрхийлэл. 

"Орой намрын цаг

Орь ганцаар байхуй 

Хөрш маань яажшуу амь зууж байгаа бол хэмээн бодном...гэж зэнгийн мастер хайкугийн хаан Басё санаа алдах дуун хэдэн зууны тэртээгээс сонстох шиг. 

Уран бүтээл бол хил хязгааргүй, цаг хугацаанд үл баригдах оюуны эрх чөлөө юм. Этик, моралийн доголдолд орсон бурангүй цаг үед, ахуйн дарамтнаас түр ч атуйгаа чөлөөлж сэтгэл ариусгах шид хүч урлаг, утга зохиолд л буй гэдэгт гүнээ итгэнэм.

"Галын дөл шиг 

Ганц улаан навч 

Намрын салхинд тасраад 

Тэнгэр өөд нисч явна 

Би уулын бэл уруу 

Уруудаж явахдаа зөрлөө...Д.Урианхай.

Энэ бол яруу найрагчийн мэдрэмж гоо сайхныг нээж буй агшин. 

Тэнгэр өөд ниссэн тэр навч тэндээ мод болон ургасан тухай яруу найрагч Л.Өлзийтөгс "Тэнгэрт ургадаг моддын Тэмдэгт навчин гэгэлзэхэд Энд намар болдог" хэмээн яруу нээлт хийжээ. Ямарчиг уран яруу сэтгэдэг хүмүүс юм бэ дээ гэж гайхан биширмээр. Хорвоогийн мөн чанар, хүний амьдрал хоёр абсурд шинжтэй аж. Гэхдээ абсурдаас айх бус абсурдаар амьдрах ёстой гэнэм. "Итгэлээр тэжээгдэж явсан найдвар тасарсан газраас абсурд эхэлдэг" гэж нэрт зохиолч философич А.Камю хэлсэн нь амьдралын үнэнээс зугтаж өнгөрсөн дурсамж, ирээдүйн хоосон найдвар хоёрын дунд хавчуулагдан яваа "сизифийн чулуу" өнхрүүлэгч хүмүүний нүцгэн үнэнийг улаан нүүрэн дээр нь хэлсэн нь энэ.

"Абсурд бол өөрийн хүч тэнхээ, байгаа боломж, чадавхийнхаа хэмжээ хязгаарыг ухаарсан саруул ухаан. Бүтэшгүйг санаж биеэ хуурахаас ангижруулдагт абсурдын гавьяа оршино" Гүйцээ, үүнээс өөр төгс төгөлдөр тодорхойлолт олдохгүй.Сизифийг зовлонт амьтан мэтээр бодож төсөөлж ирсэн зуун зууны мэргэдийн олж хараагүй инээмсэглэлийг олж харсан А.Камю  Сизифийг нүгэлтэн бус абсурд баатар хэмээн цоо шинээр нээжээ. Амьдрал абсурд гэдгийг ухаарсан цагт бидний амьдралын хүнд ачаа аяндаа хөнгөрөх юм. Хэрэггүй, хүч хүрэхгүй юманд зовж шаналахаа болино гэсэн үг шүү дээ. Энэ номын эсээ болгоны тухай бичнэ гэвэл барах ч юм биш. Дарма.Батбаяр гуай зохиолчоос гадна урлаг утга зохиолын далд нууц, гоо зүйг нээгч билгийн мэлмийтэй хүн юмаа гэсэн бахархал төрсөн юм. 

"Бүтээхүйн зүй тогтол:-Сайхныг бүтээхүйн нууц" цуврал хоёр ном бол урлагийн талаар бичигдсэн хамгийн гайхалтай, дахин давтагдашгүй бүтээлүүд. Урлагийг ойлгож мэдэрхийг хүсдэг , урлагийн мөн чанар гоо зүйг эрхэмлэдэг хүн бүхэн унших ёстой ширээний номын нэг шүү. Сэтгэл гэгээрэн ариусах шид увдис шингэсэн "Навчисын хүүрнэл" эсээн цоморлогийг унших, ухаарах тэр цаг мөчийн үнэ цэнийг үгээр хэлэх аргагүй. 

"Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан 

Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр 

...Энэнээс цааш маргааш гэж байхгүй 

Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ...яруу найрагч Г.Аюурзана. Аху

Ахуйн балчиг намгаас түр ч атугай тасарна гэдэг юутай сайхан юм бэ бурхан минь!