УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица коронавирусийн нөхцөл байдал болон монгол хүн бусдаас илүү дархлаатай юу, өвөл манай улсад коронавирус орж ирсэн эсэх зэрэг олон нийтийн дунд үүсээд буй асуултын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Энэ цаг үед Монгол Улс эв нэгдэлтэй байж чадаж байна. Бүх арга хэмжээ, үйл ажиллагааг Засгийн газрын түвшинд тавьж, Эрүүл мэндийн салбараас гадна бусад бүх газрын оролцоог хангаж, эмнэлгийн ажилтнууд, хариу арга хэмжээ авч буй багийнхан болон иргэд зөвлөмжийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байна.

Хүн бүр цар тахлын өмнөх үеийн амьдралын хэв маяг руугаа орох хүсэлтэй байгаа. Эм болон вакцин гарч, цар тахал дуусах хүртэл энэ байдалд бид дасан зохицох шаардлагатай болж байна. Хүн бүр тогтмол гараа угааж, ханиах зөв дадалтай байж, гадуур явахдаа бусдаас зай барьж, архи, тамхи зэрэг хоруу чанартай зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээг зөвшөөрөөд, дараа нь дахин хориглох ч нөхцөл үүсч магадгүй. 

Дархлаа нь биднийг аливаа өвчнөөс хамгаалдаг. Гэхдээ бүрэн хамгаалж чадна гэсэн үг биш. Одоогийн судалгаанаас харахад коронавируст халдвар аваад эдгэрсэн хүн дахин халдвар авах магадлалтай байна. Эрүүл мэндийн байдал нь ямар арга хэмжээ авч байна, бас авахгүй байна вэ гэдгээс шууд хамаарна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн нэг хүн биш түүний гэр бүл, үр хүүхэд, улс, нийгмийг хамгаална.

Удахгүй зун болох учир хүмүүс гадагшаа гарч, зугаалж, найз нөхөдтэйгээ уулзаж, амрахыг хүсэж байгаа. Тэгж болно. Гэхдээ коронавируст халдварын цар тахал дуусаагүй, шинэ тохиолдол гарах эрсдэл байгаа учир тайвширч болохгүй" хэмээлээ.

Мөн тэрээр "Монгол Улсад жил бүрийн 11, 12 дугаар сард томуугийн улирал эхэлдэг. Үүнийг олон хүн Монголд коронавирусийн халдвар тархаад өнгөрсөн юм биш үү гэж хардаж байна. Энэ нь шинжлэх ухааны ямар ч нотолгоогүй үг. Одоогоор бидний мэдэж буй зүйл бол Covid-19 нь саяхан шинээр нээгдсэн коронавирусээс үүддэг өвчин.

МУ-ын ЭМЯ, ДЭМБ хамтран худал мэдээлэл, цуу яриаг үгүйсгэхийн тулд хичээн ажиллаж байна. Худал мэдээлэл нь хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тодорхой хэмжээнд үүний аюул тулгарч байна. Олон хүн өөрт нь дархлаа тогтсон гэж бодож, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд учруулж байна. Тэгэхээр та бүхэн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, худал мэдээлэл цуу яриаг үгүйсгэж бидний ажилд туслахыг хүсье.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан 98 тохиолдол бүртгэгдсэн. Бид хамгаалах, сэргийлэх арга хэмжээ авахгүй бол дотоодод халдвар тархах аюул байгаа. Тэгэхээр одоо ч эрсдэлтэй байгаа гэсэн үг. 

Улсын онцгой комисс эрсдлийн үнэлгээг тогтмол хийж байгаа. Одоогийн байдлаар бидэнд коронавирусийн эсрэг эм болон вакцин байхгүй учир тогтоосон арга хэмжээ, зөвлөмжийг дагах ёстой. 

Эцэст нь би өөрийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Одоогоор Монголд зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдууд байгаа бөгөөд дотооддоо халдвар тараагүй байна. Үүнийг олон улстай харьцуулахад сайн нөхцөл юм" гэдгийг онцлон хэллээ.