Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 5-нд мэдээлэл хийх үеэрээ "АН үнэхээр стратегийн орд газруудыг хууль бусаар олгохтой холбоотой оролдлогууд дээр эцэслэн цэг тавъя гэж бодож байгаа бол зугтаад гараад явсан Ц.Элбэгдоржоо олж ир. Танай намаас сонгогдоод ажиллаж байсан Ч.Сайханбилэгээ олж ир. 

Ц.Элбэгдорж найзуудтайгаа хамтран "Найзуудын холбоо" нэртэй компани байгуулж, оффшор бүсээс мөнгө татсан нь тогтоогдсон. Үүнээсээ болж эх орондоо ирж чадахгүй байж магадгүй" хэмээн мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ уг асуудалд тайлбар өгөв.

Тэрээр "Төрийн өндөр албан тушаал хашиж байсан АН-тай холбоотой хүмүүст янз бүрийн асуудал үүсгэх, хууль хяналтын байгууллагаас шалгах хандлага нэлээд ажиглагдаж байна.

АН үүнд ямар байр суурьтай байна вэ гэхээр, тодорхой нотлох баримтгүйгээр АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дээр хоморголсон байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарахыг шаардаж байна. Ц.Элбэгдорж 2009 онд АН-аас түдгэлзсэн. Өнөөдрийн хүртэл намын гишүүнчлэлээ сэргээгээгүй, нам бус хүн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ манай намыг Ц.Элбэгдоржийгоо олоод ир гэж ярьсан. Эрх барьж буй юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж буй хүчинд бүх эрх мэдэл байгаа. Шүүх, прокурор зэрэг тэр байгууллагуудаа ажиллуул. Тэр байгууллагуудын чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм. МАН шиг хүмүүсийг хоморголж, баривчилж, хороож байсан түүх манай намд байхгүй. Өөрийнхөө нам шиг санаж буй бол Л.Оюун-Эрдэнээ уучлаарай. Бид хууль, хяналтын байгууллагын ажлыг төлөөлөн гүйцэтгэдэг нам биш, хууль, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. 

Шалгах хүмүүсийг олж ирэх үүрэг АН-д биш төрд, төрийн эрх барьж буй намд байгаа. Энэ үүргээ биелүүлэхийн оронд сөрөг хүчин намд хамаг зүйлээ тохчихоод, түүнийгээ шударга ёсны зарчим мэт яриад сууж байдаг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг хараад харамсаж байна.