Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй, хүлээж авах боломжгүй гэсэн байр сууриа нэлээд ширүүн илэрхийлж, маргаан үүссэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Гишүүд бие биеийнхээ бүрэн эрхэд халддагаа одоо болимоор байна. "Тэгвэл ингэж харагдана, ингэвэл тэгж харагдана" шүү гэдгээ болих хэрэгтэй. Түрүүн Х.Нямбаатар гишүүн элдэв янзын ном барьж дарамтлаад, Т.Аюурсайхан гишүүн урвагч, дүлзэнгээр нь хүмүүсийг нэр устай нь зарлалаа. Энд хэн ч илүү эрх дарх эдлэхгүй. УИХ-ын 76 гишүүн бүгд ард түмнээс сонгогдсон, тэгш хэрэгтэй. Асуудалд яаж хандах нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал. Тэрийг нь янз бүрээр гуйвуулаад, микрофон ашиглаж улс төр хийж байна. 

Нам дотроо хаана жагсаж, хэнийгээ огцруулсан нь танай намын асуудал. Дотоод зодооноо шударга үйл хийсэн юм шиг ард түмний нэр барьж цайруулахаа боль. Нэгнийгээ явуулчихвал бүх зүйл сайхан болоод, Монгол Улс хөгжчих юм шиг яриад байсан. Өнөөдөр ард түмний амьдрал улам дордож байна. Гадуур явж иргэдийн амьдралыг үзэж хар. Тэгээд тэрийгээ ярь. Юун Үндсэн хуулийн өөрчлөлт, бантан шиг юм хийчихээд, эх оронч сайн үйлсэд нь Ерөнхийлөгч хориг тавьчихсан юм шиг ярихаа одоо боль.

Би гайхаж байна. Т.Аюурсайхан нар М.Энхболдын татаасаар гарч ирсэн. Тэгсэн хэрнээ М.Энхболдыгоо үргэлж нулимж, дэвсэж байх юм. Одоо больж болохгүй юм уу. Т.Аюурсайхан чи залуу хүүхэд байж боль л доо. Арай дэндэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.