УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой асуудлаар Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр цаг мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ "Өчигдөр сонгуулийн санал хураалт болсон. Энэ үеэр олон маргаан, зөрчил гарсан. Холбогдох байгууллага, хууль хяналтынхан шалгах байх. АН энэ сонгуульд төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тиймээс намын үндсэн дүрмийн хүрээнд би хариуцлага хүлээж намын даргын ажлаа өгч байна. 

Сонгуулийн дүн сонгуулийн хуулийг илүү боловсронгуй болгох шаардлага байгааг харууллаа. Олонхыг бүрдүүлж буй МАН нийт сонгогчийн 44.9 хувийн саналын авсан, 50 хувьд хүрээгүй. АН 24.5 хувийн саналаар 11 суудал авсан. 

АН-ыг толгойлж энэ сонгуульд оролцсон надад алдаа, оноо олон байсан. Юуны түрүүнд нөхөдтэйгээ зөвлөлдөж олон шийдвэр гаргасан. Үүнд алдаа оноо бий. Мөн АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, Ерөнхийлөгчтэй хамтарч, нэг баг болж шаардлагын түвшинд ажиллаагүй нь энэ сонгуулийн нэг том боломжийг алдсан гэж харж байна. 

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх идэвхтэй сөрөг хүчний байр суурийг хангаж чадаагүй гэж бодож байна. Мөн сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй нь АН-ын том зөрчил. Тиймээс би АН-ын даргын хувьд нийт сонгогчоосоо уучлал хүсэж байна. 

Бид цаашдаа АН-ыг үндэсний хэмжээний нам болгож, сонгогчдын дэмжлэг авах хэмжээнд хүрч төлөвшиж ажиллахын төлөө зүтгэх болно. АН-ынхаа 200.000 гаруй гишүүнээсээ хүлцэл өчиж байна" хэмээлээ.

Тэрээр АН-ын даргын тамга, тэмдгийг намынхаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэн өглөө.