Монголын ардчиллын алтан хараацайнуудын нэг, эх оронч хөвгүүн Санжаасүрэнгийн Зориг 21 жилийн өмнөх энэ өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан билээ.

Энэхүү өдрийг хүндэтгэн түүний хамтран зүтгэгч нөхөд, гэр бүлийнхэн нь түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.

Өнөөдөр туc арга хэмжээнд С.Зориг агсны ахаас гадна  АН-ын дарга С.Эрдэнэ, ШИНЭ-ын удирдлага Ж.Батзандан, Л.Болд болон иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: "Энэ өдөр С.Зориг агсан аймшигтайгаар амь насаа алдсан. Монголын ард түмэн энэ өдрийг ардчиллыг хамгаалах өдөр болгон тэмдэглэх ёстой. Харамсалтай нь хэрэг хийгээгүй хоёр залуу шоронд орж, эрүүдэн шүүлгээд байж байна. Үүний цаана жинхэнэ зохион байгуулагч эздийг нь нуун дарагдуулж, булзааруулж байна". 

С.Зоригийн ах С.Баяр: “Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ хэрэг, энэ аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Энэ хооронд ар гэр бидний зүгээс төр засагт хандаж энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөөч гэж олон удаа хүссэн. Гэтэл өнөөдрийг болтол энэ хэрэг шийдэгдээгүй л байна. Бид энэ хэргийн захиалагч, гол зохион байгуулагсан тэр эздийг олтол бидний гомдол тайлагдахгүй, санаа амрахгүй. Бид энэ хэргийг илэрнэ гэж итгэсээр ирсэн. Ганцхан ар гэрийн төдийгүй Монголын ард түмний хувьд хүндэтгэн хайрладаг хүүгийнх нь харамсалтай хувь тавилангийн эцсийн хариуг сонсоно гэж найдаж байна” 

АН-ын дарга С.Эрдэнэ: Энэ хэргийг нууцын зэргээс гаргах цаг нь болсон. 21 жил улс төр хийж ирлээ. Нууц гэдэг нэрийн цаана улс төрийн тоглолт хийхээ больмоор байна. Захиалагчийг нь зарлана гэсэн ч сураг алдарлаа. Иймээс энэ хэргийг нээлттэй болгохыг шаардсан. Эрүүдэн шүүсэн гээд байгаа бичлэгийг би үзсэн. Энэ бол ердөө л кино зураг. Эвлүүлэг л байна лээ. Маш өндөр хүчин чадалтай камераар хийсэн бичлэг. Шоронд ийм камер байдаггүй юм. Би мэднэ л дээ. Ингэж улс төр хийх биш хуулийн хүрээнд эрүүдэн шүүх асуудлыг шийдэх ёстой. 

ФОТО: