МАН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр сүүлийн үед үүсээд байгаа асуудлууд дээр УИХ дахь АН-ын бүлэг, сөрөг хүчнийг төлөөлж байр сууриа илэрхийллээ. Түүний байр сууриас онцлох ишлэлүүдийг хүргэе.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд, хот тойрсон шүлхий гээд олон асуудал байна. Ерөнхий сайдыг огцорсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг томилж засгийг эзэнтэй үлдээдэг жишиг алдагдлаа. Ерөнхий сайдын асуудлыг даруй шийдмээр байна. 

Улаанбаатар хотыг тойрсон шүлхийн бүс битүү цагариг үүсгэх хэмжээнд хүрчихлээ. Шүлхийн вакцинтай холбоотой мэр сэр сөрөг мэдээлэл дуулдаж эхэллээ. Энэ асуудлыг Засгийн газар, хотын удирдлагууд ч анхаарах ёстой. 

60 тэрбумын асуудлыг Прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болголоо. Үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол нөгөө талд дахиад асуудал үүснэ. Энэ мэдээллийг эвлүүлсэн, хийсэн этгээдүүд нь тэгвэл хэн юм бэ? Тэр хүнээ гаргаж ир. Монгол төрийн нэрийг цэвэрлэх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлэг үзлээ. 

Ерөнхийлөгчийн офшорчдод хугацаа өгсөн хугацаа дууслаа. Миний авсан мэдээллээр 23, 24 этгээдэд эрүү үүсгээд шалгаж байгаа юм билээ. Одоогоор нэг ч хүн мэдээллээ өгөөгүй гэж дуулсан. Хууль, шүүх, цагдаагийн байгууллагууд, АТГ гэх мэт байгууллага нээлттэй биш, бөөрөнхийлсөн байр сууриар хандаж буйд эмзэглэж байна.

Ургац 50 орчим хувиар тасарсан, нийт нутгаар зуншлага тааруу байлаа. Энэ жил гурил, ногоо, малынхаа тэжээлийг яах талаар бодитой ажил, мэдээлэл алга.

Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага бий. Засгийн газрын асуудлаас гадна Төсвийн хууль зөрчсөн маш олон алхам байгаа. Жишээ нь хүүхдийн мөнгө. Тодотголд анхнаас нь тусгаагүй хэрнээ сонгуулийн өмнө хууль зөрчиж олгосон. Төсвийн тодотгол ярихад тусгаач гэсэн ч үл тоосон хүмүүс шүү дээ. Гэсэн хэр нь өнөөдөр хүүхдийн мөнгийг ахиад олгохгүй гээд яриад суугаа нь хариуцлагагүй явдал. 

Оюу толгойн олборлолт, борлуулалт дээр Монголын эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон материал бий юу гэдэг бол тун ноцтой асуудал. Бидний авсан мэдээллээр гурван янзын тайлан гаргадаг гэсэн. Монголын Засгийн газарт зориулсан тайландаа үндэслэж олборлолтын хэмжээгээ тооцоод яваад байна уу гэж ирээд яривал асуудал их бий.

Эрдэнэтийн 49 хувийн асуудал шүүх дээр очсон. 51 хувийн асуудал олон улсын шүүх дээр бий. Нэг бол 100 гаруй сая ам.долларын төлбөр төлөх, эсвэл барьцаанд тавьсан үйлдвэрээ өгөх дээрээ тултал асуудал хурцадчихсан. УИХ-д энэ мэт шийдэх асуудал их байна. 

Эрдэнэтийн 49 хувийн тухайд аливаа хувийн өмчид болгоомжтой хандах ёстой. Шүүх хуулийн байгууллага асуудлыг шалгаж тогтоогоогүй байхад УИХ эрх мэдлээ хэтрүүлж шийдвэр гаргах нь туйлын буруу. УИХ мөрдөн шалгадаг, шүүхийн шийдвэр гаргадаг байгууллага биш. УИХ бусармаг үйлдэл хийсэн учраас шийдсэн асуудал нь шүүх дээр унасан. Хариуцлагыг өөрсдөө хүлээх ёстой. 

Бид өнөөдөр ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлага тавина.

А.Сүхбат гишүүнээс АН-д элсэх өргөдөл авсан юм одоогоор алга. Гэхдээ манай намын гишүүн байсан хүн гэдгийг нь би сайн мэднэ. Төв шуудангийн урд талын байранд АН-ын батлах гардаж авч байсан шүү дээ. 

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг танаж, цалин тэтгэвэр нэмээгүй хэрнээ сайд нарынхаа зардлыг 400 гаруй тэрбум төгрөгөөр нэмсэн. Ард түмнийхээ төлөө Засгийн газар юм бол эхлээд өөрсдийнхөө хэрэглээг танамаар юм. 

Валютын сангаас орж ирж буй ам.доллар тийм гайхамшигтай хэмжээний мөнгө биш. ОУВС-гийн хэдхэн доллараар голоо зогоох нь чадваргүй Засгийн газрын л хийдэг үйлдэл.