Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар АН-ын Улстөрийн зөвлөлийн шийдвэрээ танилцууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ: 

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдаж дууссан. Манай намын зүгээс хоёрдугаар хэлэлцүүлгээс гарсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бүрэн утгаар нь үгүйсгэж байна. Яагаад гэвэл АН-ын болон Ерөнхийлөгчийн оруулсан санал тусгалаа олоогүй.  Анхны зорилтоосоо ухарчихсан шүү дээ. Тиймээс эсэргүүцсэн байр суурьтай байна. Гэхдээ бид аливаа асуудлыг мухардалд оруулахгүйн үүднээс эрх баригчидтай зөвшилцөхөөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг уриалсан. Загвар эх нь ямар байх вэ, ямар асуудлаар санал асуулга явуулах талаар судлах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. 

Энэ ажлын хэсэг нь ард нийтийн санал асуулгын хувилбарыг боловсруулах, зөвшилцөхийн тулд ажиллах үүрэгтэй. Уг нь анхнаасаа ард нийтээрээ асуучих байсан ч эрх баригчид хүч түрэн өөрсдийн төлөөллийн хүмүүсийн дунд санал асуулга явуулсан. Бид удаа дараа шаардсан ч үл тоосон. Үнэндээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дүнд гарсан төсөлд шаардлага хангасан нэг ч асуудал байхгүй.

СЕХ-оос ард нийтийн санал асуулгад 12,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Гэсэн хэдий ч эрх баригчид нэмэгдүүлсээр 32 тэрбумыг зарцуулах тухай ярьж байна. Энэ бол нөгөө л ард түмний мөнгөөр гараа угаадаг, ирцийг нь хангахын тулд мөнгө тараах гэсэн санаархал юм уу даа. Гэтэл цалин тэтгэвэр нэмэх, нэн шаардлагатай сургууль цэцэрлэг барих болохоор мөнгөгүй болчихдог биз дээ.  Тэгсэн хэрнээ хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэх гэхээр төсвөөс гаргаж болно гэж байгаа Сангийн сайд Ү.Хүрэлбаатарыг ойлгохгүй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санал санаачлага болгоныг АН-тай хамаатуулах гэсэн оролдлого сүүлийн үед нэлээн гарлаа. Үүн дээр АН хатуу байр суурьтай байгаа. Бид анх удаа үзэл баримтлалаа боловсруулж, Дээд шүүхэд бүртгүүлсэн анхны нам болсон. Бид парламентийн засаглалыг улам төгөлдөржүүлсэн баруун төвийн үзэл баримтлалтай нам байна гэдгээ албан ёсоор баталсан. Тиймээс бид энэ үзэл баримтлалаасаа ухрагүй, цаашдаа ч сонгодог парламентийн засаглалыг хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэнэ.