Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь ямар эрсдэлтэй болон ач холбогдолтой талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголд монопол байдлаар зах зээлд хүрсэн ганц салбар бол банк. Үүгээрээ буруутгах гээд байгаа юм биш. Гэтэл энэ тогтолцоо нь эргээд иргэд, ААН-дээ маш том дарамт болж байна. Зээлийн хүүгийн асуудлаар олон газраас санал хүсэлт ирдэг. Гадаадын улс орнуудад банк санхүүгийн үйл ажиллагааг төрөөс хэрхэн зохицуулдаг талаар судалгаа хийж үзээд Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг санаачилсан. 1954 онд Япон улс мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийг өргөн барьж хэрэгжүүлсэн байдаг.  Өдгөө дэлхийн 76 улсад энэ хууль хэрэгжиж байна. Манайд ч энэ төрлийн хуулийн хэрэгцээ шаардлага үүссэн учраас уг хуулийг өргөн барьсан. 

Энэ хууль бол зээлийн дарамтад байгаа мянга мянган иргэд, аж ахуй нэгжийн зээлийн хүүнээс үүсэж буй дарамтын арилгах зорилготой. Хуульд зээлийн хүүг тогтоосноос багаар олгохыг банк өөрдсөө шийднэ. Хэрэв хэтрүүлэн зээл олговол мөнгө хүүлэлт гэж үзэж Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэж заасан.

Яг үнэндээ томоохон хадгаламжтай хэдхэн иргэдийн хүсэлтээр л арилжааны банкууд ажиллаж байна. Хадгаламж эзэмшигчдийн хувьд ашигтай ч улс орны нийгэм, эдийн засаг, бизнес эрхлэгчдэд, эдийн засгийн идэвхтэй хэсэгт ямар ч үр нөлөөгүй гэсэн үг. Зөвхөн хадгаламж дээр суурилсан активтай банк цаашдаа оршин тогтнож чадахгүй. Сая жишээлбэл ОУВС-аас арилжааны банкуудын өөрийн хөрөнгө бага байна гэж үзээд 700 тэрбумаар нэмсэн. Үүнээс 200 тэрбумын эх үүсвэр тодорхой боловч үлдсэн 500 тэрбумынх тодорхой бус. Энэ нь өөрөө манай улсыг саарал жагсаалт руу оруулах гол нөхцөл болчихлоо. Энэ асуудлын цаана хар мөнгө явж байгаа гэсэн хардалт байна. 

Гэтэл Монгол банк үүнийгээ маш их нууж байна. Монгол банк хар тамхи, бондын зээл гэсэн хэдхэн үзүүлэлт рүү чихэх гэж оролдож байгаа юм билээ. Гэтэл арилжааны банкуудын 30 жил монопол явж ирснийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, зохицуулах шаардлага бий болчихлоо. Хэрэв ийм байдлаар зээл, зээлийн хүүд дарлуулсан иргэд улам ихээр дордоно. Жилийн 8-хан хувь гэж сонсогдож байгаа ч эдийн засгийн үр өгөөжийг нь авч үзвэл маш том мөнгө хүүлэлтэй луйвар явж байна. Банк угаасаа ашигтай ажиллаж байгаа шүү дээ. Үүн дээрээ нэмэх хэрэггүй.