Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Эдгээрийг хэрэгжүүлж буй тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм. 

Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатанд Улаанбаатар хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа. 

Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалтын явцыг шалгалаа.


Зуслангийн замын ачааллыг бууруулах 6.6 км авто зам есдүгээр сард ашиглалтад орно

Хотын Захирагч Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд барьж буй Сэлбэ дэд төвийн 28 Мвт хүчин чадалтай Дулааны станцын барилга угсралтын ажлыг шалгасны дараа тус дэд төв орчим дахь 6.6 км авто зам болон гурван гүүрийн бүтээн байгуулалт дээр ажиллав. 

Улаанбаатар хотын хойд чиглэлийн авто замын ачааллыг бууруулах, ялангуяа зуслангийн чиглэл рүү зорчих гурав дахь хувилбарыг зорчигчдод бий болгож өгснөөр Дарь-Эх, Долоон буудлын зам дээр үүсдэг түгжрэлийг багасгах өндөр ач холбогдолтой тус авто замыг есдүгээр сарын 30-н гэхэд ашиглалтад оруулах аж. 

Харин өдгөө хийгдээд байгаа явган замын хашлага болон замын хийц бүтэц материал нь хотын Захирагчийн гэнэтийн шалгалтад бүдэрсэн тул чанаргүй зам, хашлагуудыг бүгдийг хуулж, чанартай материалаар дахиж гүйцэтгэхийг даалгасны зэрэгцээ ажлын явцад хяналт тавьж байгаа аж ахуйн нэгж болон төслийн нэгжийнхнийг хяналт хариуцлагаа чангатгахыг үүрэг болголоо.


240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тавдугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгнө

Үүний дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын явцыг шалгасан юм. Сэлбэ дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын нэг болох 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 87 хувьтай явж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Цаг хугацаандаа амжуулах гээд чанаргүй ажил хийж огт болохгүйг хотын Захирагч сануулаад, “Та бүхэн өөрийнхөө үр хүүхдийг энэ байшинд хичээллэнэ, энэ гудамж талбайгаар гүйж, тоглоно гэдгийг бодолцож, нэг тоосгыг ч байсан стандартын дагуу чанартай өрж, өөриймсөг сэтгэлээр ажиллаарай” хэмээн гүйцэтгэгч компанийнханд захисан юм.

Тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах аж.


Кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд ажлаа амжуулахын тулд хотын төв рүү орох шаардлагагүй болно

Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн барилга ирэх тавдугаар сарын 31-нд ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 3700-гаад айл өрх шилэн кабелаар өндөр хурдны интернэтэд холбогдож, Univision, Skymedia гэх мэт IPTV-ийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. 

Өөрөөр хэлбэл, гэр хорооллынхон тохь тухтай кофе шопоор үйлчлүүлж, интернэт орчинд цаг харгалзахгүй тайван сууж ажлаа амжуулахын тулд заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн үг.


“Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус, харин ч илүү бодитоор ажил хэрэг болж байна”

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг орон сууцжуулах, тохь тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь нь юуны түрүүнд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг шийдэж өгөх явдал. 

Дэд бүтцийг нь шийдээд өгчихсөн байхад Түрээсийн болон Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрүүд шуурхай бөгөөд амжилттай хэрэгжих үндэс бүрдэж, гэр хорооллынхны нэг хэсэг нь газраа бэлэн баригдсан орон сууцаар солих, зарим нь өөрийн хашаа, газар дээрээ амины орон сууц барих, хүсвэл хэсэг гудамжаараа нэгдээд таун хаус барьж орох гэх мэт олон боломжууд нээгдэнэ.

“Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт энэ онд бүрэн хийгдэж дууссанаар өдгөө тухайн газарт аж төрж буй 3700 орчим айл өрх дээр нэмээд 6000 орчим айл өрхийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамж гээд инженерийн дэд бүтцээр найдвартай хангах суурилагдсан хүчин чадал, хөрс суурь бүрдэж байгаа юм. 

Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлт зогсох бус харин ч илүү бодитой, илүү ул суурьтай, илүү өргөн хүрээнд олон талт хувилбараар хэрэгжиж байгаагийн илрэл. Тиймээс одоо ашиглалтын өмнөх захиргааны байраа нээн ажиллуулж, Дэд төвийг хүлээн авах бэлтгэлээ хангах учиртай“ хэмээн Хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.          


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс