Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааг маргааш орой хааж, санал хураалтыг энэ сарын 15-нд улс даяар зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн санал тоолдог хар хайрцагийг эрх баригчид хакердахаар тохиролцсон гэх мэдээллийг өнөөдөр "Хэвтүүл" хөдөлгөөн болон АН-ын зарим гишүүн мэдээлж, аудио бичлэг тараасан. 

Дараа нь МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мөн мэдээлэл хийж, "МАН-ынхан хар хайрцаг хакердаж, төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна" хэмээгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдахыг, СЕХ-ноос МАН-аас нэр дэвшигчдийг энэ удаагийн сонгуулиас хасахыг шаардсан юм.

Уг асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн санал хураалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Энэ цаг үед нэр бүхий иргэд сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаа, ялангуяа санал тоолох үйл ажиллагааг илтэд гуйвуулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байна. Мэдээж тэдний ярьж буй шиг зүйл байхгүй. 

Сонгуулийн ерөнхий хороо тус мэдээллийг сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн шалгуулахаар тагнуулын байгууллагад өнөөдөр хандсан. Албан бичиг бүхий тус хүсэлтийн дагуу холбогдох байгууллага шалгаад мэдээлэл хийх байх. 

Монгол Улс сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш ашиглаж байгаа. Уг төхөөрөмж нь тодорхой баримтуудыг үлдээдэг онцлогтой. Санал хураалтын дүнг ямар нэгэн байдлаар өөрчилдөг зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Гомдол, яриа байдаг болохоос батлагдсан зүйл нэг ч байдаггүй" хэмээлээ. 

СЕХ-ны Мэдээллийн технологийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Баясгалан "Санал тоолох төхөөрөмжийг хакердах боломжгүй. Энэ нь цаасан суурьтай төхөөрөмж юм. Саналын хуудас нь анхан шатны баримт. 

Санал тоолох төхөөрөмжөөс ямар нэгэн сүлжээнд холбогдохгүйгээр хамгийн эхний баримт болох санал хураалтын дүнгээ хэвлэж гаргаад, хэсгийн хороонд ажиллаж буй нам, эвслийн ажиглагч нар болон хэсгийн хорооны ажилчдад бүх баримтаа хэвлээд өгчихдөг. Үүний дараа дүнгээ дамжуулдаг. Дүн серверт ирнэ. Серверт ирсэн дүн анхан шатны цаасан баримтуудтайгаа тулж байгаа эсэхийг дахин хянаж шалгадаг. Энэ явцад 2012 оноос хойш нэг ширхэг ч санал зөрсөн тохиолдол байхгүй. Бүгд таардаг. 

Хэсгийн хороо дээр гарсан анхан шатны цаасан баримт үнэн эсэхэд эргэлзэж буй бол гараар тоолдог. Гар тооллогыг санамсаргүй байдлаар сонгоод тухайн хэсгийн хороонд явуулах уу үгүй юу гэдгийг санал хураалт дуусах үед шийддэг. Санал хураалт дууссаны дараа гар тооллого хийдэг. Гараар тоолсон санал, төхөөрөмжөөс гарсан санал огт зөрж байгаагүй. 

Улс даяар 25.000 төрийн албан хаагч төрийн сонгууль явуулах гээд өдөр шөнөгүй ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажлыг үгүйсгэж, илтээр худал мэдээлэл тарааж буйд маш их харамсаж байна" гэв.


Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой асуудлаар МАХН-аас хийсэн мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хар хайрцаг буюу санал тоолох төхөөрөмж