Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Үндсэн хуулийн цэцийн 02  дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар тус тус  танилцуулав.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө ...”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн;” гэж заасны “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам ... байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзжээ.  

Улсын Их Хурлын Хууль зүйн болон, Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тус тус үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02  дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. 

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлөв

Дараа нь  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ,  улс төрөөс хараат бус байж, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэд, сонгогч шилжилт хөдөлгөөн хийснийг тодруулсан.

Сонгогчдын шилжилт хөдөлгөөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хариултдаа тодотгоод, иргэний шилжилт хөдөлгөөнийг хуульд заасны дагуу 02 сарын 01-нээс зогсоосон. Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэний шилжилт хөдөлгөөн дунджаар 16-18 мянга байдаг бол 2020 оны эхээр 35-40 мянга хүрч ихэссэн гэж байлаа.     Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг  томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.