Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.

Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр СЕХ-ны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.

Уулзалтын үеэр СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Бидний тооцоолж буйгаар сонгуулийн үеэр нэг хэсэгт 3,000 сонгогч байна. Тэдгээрийн 60 хувь нь саналаа өглөө гэж бодоход 1,800 хүн санал өгөх тооцоо гарч байгаа. Тэдний саналыг авахад 54 мянган секунд буюу 15 цаг шаардлагатай.

Нэг хүний санал өгөх хугацаа 30 секунд, санал тоолох машины хүчин чадал хамгийн богинодоо 6 секунд. Энэ хугацаагаар тооцон хотод зааланд хийж болох ч орон нутагт асуудал өөр. Жишээ нь, 2,070 хэсгийн 10 хувьд гэвэл 207, 20 хувьд гэвэл 400 гэр барина гэсэн үг. Гэр дотор ямар зайтай билээ. Тиймээс коронавирусний үеийн зөвлөмжийг мөрдөх боломжгүй нөхцөл үүснэ.

Мөн 50 мянган сонгогчтой нэр дэвшигч 200 сонгогч тутамд нэг ухуулагч ажиллуулах эрхтэй. Нэг хүний цаана 250 ухуулагч, шадар туслагч гээд нэмбэл хамгийн багаар бодоход 300 хүн ажиллана. Нэг нэр дэвшигчийн ард 300 хүн сурталчилгаанд явлаа гэж бодоход улсын хэмжээгээр 700 хүн нэр дэвшвэл 210 мянган хүн, тэр хэмжээний тээврийн хэрэгсэл ажиллана.

Зардлын хувьд нэр дэвшигчийн болон намын зардал дээр хязгааруудыг батлаад өгчихсөн. Нэг нэр дэвшигчээс ямар зардал гарах вэ гээд тооцоод үзэхээр дунджаар 400 сая төгрөгийн зардал гаргана. Одоо тойрог томсгосон учир зардал нэмэгдэх байх. Хамгийн багаар 400 сая төгрөг гэж бодоход 280 тэрбум төгрөг болно. 20 нам сонгуульд орлоо гэж бодоход хамгийн багадаа 120 тэрбум төгрөг. Ингээд бодоход нам эвсэл, нэр дэвшигчдээс гарах зардал хамгийн багадаа 400 тэрбум төгрөг. Албан зардлыг нэмээд 420 тэрбум төгрөг болно.

50 мянган сонгогчтой, 25 мянган айлтай тойргийн нэр дэвшигч хүн бүрт материалаа хүргэж чадахгүй, айл бүрт хүргүүлэх байх. Ингээд бодвол сонин, сурталчилгааны материалын зардал 40 сая төгрөг. Тэнд ажилласан 300 хүнд 500 мянган төгрөг өглөө гэж тооцвол 150 сая төгрөг. Ингээд тооцохоор нэг нэр дэвшигчийн зардал доод тал нь 400 сая төгрөг, дээд тал нь 1 тэрбум төгрөг хүрэхээр байна" хэмээлээ.

СЕХ-ны гишүүн Ө.Энхтөр "Энэ жилийн онцлог юу гэхээр хүмүүс саналаа өгөх эсэх асуудал. Хамгийн эхний ээлжинд ард нийтээс судалгаа авахгүй бол бид нар бүх ажлаа төлөвлөөд хийгээд явж байтал хүмүүс сонгуульд оролцохоо больчихвол яах вэ?

Нөгөө талаар энэ өвчнийг тодорхой хэмжээнд барих түвшний боловсон хүчин, шинжлэх ухааны нөхцөл боломж муу байна. Бид баталгаа гаргаж чадахгүй. Тийм учраас яаралтай нөхцөл байдлыг дүгнээд, сонгуулийг хойшлуулах асуудлаар тал талдаа юм бодвол яасан юм бэ гэсэн саналтай байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгууль зохион байгуулах ажлын хүрээнд олон нийтийн цугларалт зайлшгүй үүсэх, нийт сонгогч хурууны хээ өгөх, амны хаалт, бээлий хэрэглэх, тэдгээрээр хангах зэрэг асуудлуудаар үргэлжлүүлэн ярилцав.

Мөн гадаад улсуудад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул эх оронд нь авчирах шаардлагатай, үүнийг дагаад коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлууд нэмэгдэх бодит эрсдэл байгаа зэргийг харгалзан  үзэх шаардлагатай гэсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тулгарах эрсдэлтэй байгаа дээрх асуудлын хүрээнд ирэх долоо хоногт хуралдаж, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.