ХОНКОНГ. /NHK/. Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төслийг эсэргүүцэн Хонконгт өрнөж буй жагсаал цуглаанууд жуулчид болон оршин суугчдын дунд түгшүүртэй байдал үүсгэж эхэлжээ. Тэдний жагсаал 10 долоо хоног дараалан үргэлжилж байна.

Өнгөрсөн ням гарагт цагдаагийн ажилтнууд болон залуучуудын хооронд удаа дараа мөргөлдөөн үүссэн бөгөөд жагсагчид жуулчдын олноор цугладаг ачаалал ихтэй дүүргүүдэд жагссан байна. Тэд Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятад улсад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг бүр мөсөн хүчингүй болгохыг шаардаж байгаа юм. 

Залуу жагсагчид ням гарагт цөөн цөөнөөрөө бүлэг болж, нэг газраас нөгөө газар руу жагссан бөгөөд үүний улмаас зам тээврийн хөдөлгөөн саатахад хүрчээ. Мөн тэд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг “Kowloon” хойгийн “Nathan” зам дээр гал тавьсны зэрэгцээ зарим жагсагч цагдаагийн ажилтнууд руу лазер гэрэл тусгасан байна. 

Түүнчлэн цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан нь сөргөлдөөн үүсэхэд хүргэжээ. Жагсагчид байршлаа сольж, олон газарт жагсаал цуглаан өрнүүлсэнтэй холбоотойгоор цагдаагийн ажилтнууд дараагийн жагсаал хаана болохыг урьдчилан таамаглахад хүндрэл учирч байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг