Манай үндэсний утга зохиолын ХХ зууны шилдэг бүтээлүүдийн тоонд яахын аргагүй багтах туурвил бол С.Дашдооровын "Говийн өндөр"хэмээх роман билээ. Тухайн цаг үеийн хэт үзэл сурталжсан, нэг хэв загварт баригдсан олон зохиол бүтээлүүдээс өөрийн өвөрмөц өнгө аяс, гол баатрынхаа эрс ондоо төрхөөр ялгарч байгаа төдийгүй Монгол хэлний арвин баялаг, яруу тунгалагийг мэдрүүлсэн, нүүдэлчин ахуй соёлтой Монгол хүний сэтгэл зүй, психологийг хамгийн сайн харуулсан бүтээл гэж үзэж болно. 

Зохиолын гол баатар маань ээжтэйгээ ядуу тарчигхан амьдрах төдийгүй 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан тул өөрийн зоргоор явсаар нас биед хүрчээ. Цайлган цагаан сэтгэлтэй,гэнэн томоогүй явдалтай, хүнд тус хүргэхийг дандаа эрмэлзэж явдаг ч юм л бол байнга дэггүйтэж, алиа марзан зан гаргаж байдаг түүнийг нутгийнх нь их л ад шоо үзэж дүйнгэ тэнэг, өвчтэй хог гэхчлэн элдвэлсээр "мангар" Дамдин гэх байнгын хоч нэртэй болжээ. Зохиолын үйл явдал 1950-д оны эхэн үеийг хамарч говь нутгийн хүмүүсийн аж амьдрал, хөдөө нутагт нэгдэлжих хөдөлгөөн хэрхэн өрнөсөн тухай болон, мангар Дамдин хотод хөглөсөн түүхийг хооронд нь сүлжин бичсэн нь нэн сонирхолтой байгаа юм.

Нутгийн чинээлэг айл болох Цогзолынд мал ахуйд нь хамжаа болж байсан мангар Дамдин хотруу мал туулцан орсоны дараа голын цэнгэлдэхэд наадам үзэж яваад цуг явсан хүмүүсээсээ төөрч хоцорсоноор бүх паян нь эхэлж байгаа юм даа. Цайлган зантай, гэнэн итгэмтгий жинхэнэ хөдөөх амьдралаар хар багаасаа өссөн түүнд хотын юм бүхэн сонин содон, гайхан хачирхамаар, бахдан биширмээр бас гомдож гутармаар байж боломгүй сэтгэлд нь багтахгүй зүйлс ч зөндөө байжээ. 

Хамгийн гол нь хотын амьдралыг хөдөөх нүүдэлчин ахуйтайгаа харьцуулан үзэж, зааг ялгааг нь нарийн гярхай ажиглан өөрийн бодлоор тунгаан үнэлэлт дүгнэлтээ хийж байгаа нь сонирхолтой юм. 

Ер нь зохиолч зохиолын баатруудынхаа явдалд хөндлөнгөөс оролцож ямар нэг тайлбар дүгнэлт хийлгүй өөрсдийнх нь бодол сэтгэхүйд туссанаар нь шууд үзүүлж байгаа нь их онцлогтой юм.Тухайлбал Тогоо анх Гэрэлд сэтгэлээ илчилсэн хэсэгт "Нэг өдөр гэнэт Гэрэлийн гар дээрээс шүүрэн авч, өөр рүүгээ татаад киноны хүн шиг үнсэн чихэн дор нь -Би чамд дурлаж байна.,Очень дурлаж байна...гэж шивэгнэн ,багтарч унах гэж байгаа юм шиг амьсгаадаж байжээ."гэсэн энэ хэсгээс Гэрэл бол үнсэлцэх гэдгийг киноноос л үзэж мэдсэн хүн байна гэдэг нь шууд ойлгогдоно. 

Бас Дамдин сурвалжлагчид яриа өгсөн хэсэгт "Гэтэл бүсгүй үүрч яваа хар цүнхээ нээн, нэг товч торхийтол түлхэж,бөөрөнхий төмөр утсан тор бүхий бүдүүн утсан оосортой юм урд нь барьж..." гэснийг микрофон хэмээн уншигчидад тайлбарлалгүйгээр баатрынхаа харсанаар л өгүүлсэн байна гэх мэтээр онцлог их бий. .Дамдин хотжин суурьшсан хүмүүсийн зан чанар хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг гайхан толгой сэгсэрч,зарим нэгэнд нь хулгайч үл бүтэх амьтан мэт ад үзэгдэн таних хүн амьтангүй тул голын хөвөө, модны ёроолд хоног төөрүүлэн явсаар хөдөө очиход нь танилцан тус болж явсан зүсий нь л мэдэх Самбуу хурандаа гэх хүнтэй зах дээр ёстой л гэнэтийн учралаар санамсаргүй таарч дагаж явсанаар хэсэг хугацаанд тэднийд амьдрана. Зохиолч мангар Дамдингийн өвөрмөц төрх,зан чанарыг нээн үзүүлэхдээ "Танихгүй жолоочтой таарч ноос буулгаж өгч байгаа, уран сайхны ажлаар аймаг явахдаа зүс таних хүн таарвал дуу алдан мэндлэхэд бэлэн явсан, билет шалгагч хийхдээ урилгатай дарга нарыг "энэ чинь манай билет биш байна,та нар залилж байна"гээд оруулахгүй байгаа, хөдөө суртлын бригадаар очсон Самбуу тус дэм болсоных нь хариуд санаандгүйгээр "хотод очвол манайхаар ирээрэй" гэснийг санаж хэзээ хойно ажил алба, гэр орны нь мэдэхгүй хэрнээ таарсан хүн бүрээс сурагласаар яваа зэрэг нарийн ширийн зүйлсээр тодруулсан байна. 

Дамдин Самбуу хурандаагийнд байхдаа охинд нь аажмаар сэтгэл дасаж нэгэн шөнө санаандгүй байдлаар Гэрэлтэй үнсэлцсэн явдлаас үүдэн хайр сэтгэлийн оч зүрхэнд нь харваж түүнийг хэзээ ч хаана ч бодож санасаар явах боловч өөр залуутай үерхэж байгаад хаягдсан Гэрэл түүний гуйлтанд ямар нэг тоймтой хариу өгөхгүй зохиол төгсөж байгаа нь ургуулан бодох сэжүүрийг уншигчиддаа үлдээх гэснийх байх .Дамдин маань хотод хэрхэн хөглөсөн тухай наргиантай явдлууд их гарах бөгөөд нэгэн удаа паспортын шалгалтанд өртөн хөдөлмөрийн товчоонд хүргэгдсэнээр түүний шинэ амьдрал эхэлнэ. Барилгын ажилд хуваарилагдсан Дамдин тэнд олон найз нөхөдтэй болох бөгөөд анх удаа өөрий нь жинхэнэ хүний ёсоор үзэж тэгш харьцсан Чогдовтой дотно болж ажлын амт шимтийг мэдрэн ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөх бөгөөд зохиолчийн дүгнэн хэлснээр "Зовсон ч зовоогүй юм шиг,ядарсан ч ядраагүй юм шиг,гуньсан ч гуниагүй юм шиг байдаг ,хүний ийм нэг төрөлх чанар хэзээ боловч,баяр жаргалыг үзэж, эзнээ баясуулдаг байж мэднэ" гэсэн нь үнэн юм аа. 

Хөдөөгийн амьдралын эгэл жирийн мөртлөө энгүй сайхан байдлыг Цогзол болон түүний охин Өлзиймаа, сэтгэлт залуу Базаржав нарын эргэн тойронд өрнөж буй үйл явдлаар дүрслэн үзүүлсэн байна. Цогзол бол ажилсаг хөдөлмөрч, малч ухаантай, өвөг дээдсийн зан заншлыг эрхэмлэн дээдэлдэг,гүндүүгүй сайхан хөдөөх эрийн төлөөлөл юм.Тэрээр зэгсэн мал ахуйтай, чинээлэг амьдралтай нэгэн бөгөөд нэгдэлд малаа нийгэмчлэхдээ эд хөрөнгөө хураалгалаа гэж харууссангүй харин "Эв зүйгээр өсгөссөн хэдэн мал минь залхуу назгай улсын гарт орж ,өнгө зүс нь гундан турж ядрах вий "хэмээн бодож байгаа нь жир малчин Монгол хүний л сэтгэлээс үүдэх ухаан бизээ.

Дөнгөж л суурьшилт явагдан хотын соёл нэвтэрч байсан үе ч гэлээ нүүдлийн соёл иргэншлээс ямар их зөрүүтэй байдал бий болж, хүмүүсийн зан чанар, сэтгэхүй ондоошин өөрчлөгдөж байгааг зохиолч гярхай ажиглан, ямар нэгэн тайлбаргүйгээр зохиолын баатрын нүдээр харан, бодол сэтгэхүйгээр жишиж байгаа нь одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй бөгөөд зохиолдоо Монгол хэлний үгсийн сангаас арвин баялаг ашиглаж, уран яруу найруулгаар бичигдсэн тул хэн хүний оюуныг цэнгүүлэх сайхан бүтээл гэдгийг дахин давтан хэлмээр байна.

Хүнийг гаднах төрх байдлаар дүгнэн үзэж ташаа ойлгодог явдал их түгээмэл бөгөөд үнэн дээ бол түүний цаана нуугдан буй жинхэнэ зан чанар нь ямар ч байж болно гэдгийг тодорхой сайхан харуулж чадсанаараа уг бүтээлийн үнэлэмж хэзээ ч буурахгүй юмаа.