Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "УИХ-аас эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх болон нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхтэй холбоотой, ажилтнуудын хөнгөлөлт үзүүлэх хууль баталсан. Тус хууль дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд тэглэнэ. Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилтнуудад гурван сарын хугацаанд 200.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох харилцааг журмаар зохицуулна .

Тус хуулийн дагуу манай яам, Сангийн яамтай хамтран журам боловсруулаад өнөөдөр Хууль зүйн яамнаас санал авахаар явуулж байна. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар харилцааг зохицуулсан тус журам батлагдана. Журмыг баталсан өдрөөс хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

Нийгмийн даатгалын санд төлж буй ажил олгогчийн болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд чөлөөлнө. Гэхдээ нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж, төлснөөр тооцно. Ингэснээр тухайн ажилтан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасалдахгүй байх асуудлыг журамд тусгасан. 

Хувийн хэвшилд ажиллаж буй ажилтны сүүлийн хоёр сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дунджаар бичилт хийнэ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд гуравдугаар сарын 25-ны байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгэээр тооцож, дэвтэрт нь бичилт хийх зохицуулалт оруулсан. Үүнээс ихээр төлөх эрх нь тухайн иргэнд байгаа бөгөөд өөрөө төлж болно. Эдгээр журмыг ирэх долоо хоногт Засгийн газар эцэслэн батласнаар 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд хэрэгжүүлнэ" хэмээлээ.