Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, SECiM төсөлтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаас гадна олон улсын донор байгууллагын төлөөлөгчдийг урьж Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс хөтөлбөрийн төслөө танилцуулж, хэлэлцүүлэв.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Монгол Улсын ядуурлын түвшин 2014 онд 21,6 хувьтай байсан бол 2016 онд 29,6 хувьд хүрч даруй 8,0 хувиар өссөн. 

Өөрөөр хэлбэл, нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Хэдийгээр үе үеийн Засгийн газар ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ирсэн ч ядуурал буурах байтугай хамрах хүрээ нь өсч буй учраас бодлогын хувьд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд юуны өмнө ядуурлын шалтгааныг яаралтай илрүүлж холбогдох арга хэмжээг авахад нэн тэргүүнд анхаарах ёстой. 

Ядуурлын шалтгаан нь эдийн засгийн агуулгаараа орлогын хангалттай бус байдал боловч ядууралд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ажилгүйдэл, ажиллах хүчний ур чадвар, мэдлэг боловсрол, хөдөлмөрийн хандлага, хүмүүжлийн дутагдалтай байдал гэж үзэж байгаа. 

Үүнээс гадна эрүүл мэнд болон амьдралын нөхцөл байдал хангалтгүй байгаагаас иргэд ядууралд өртөх байдал гарсаар байна.

Ядуу бүлгийн иргэдийг оновчтой тодорхойлон тэдний онцлогт тохирсон байдлаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.