Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Капитал банкинд байршуулсан тухай асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. /Тус асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдэгдэл гаргасныг ЭНД дарж уншина уу/

Мэдээллийн үеэр сайд С.Чинзориг "Капитал банкны өр барагдуулах явц удаашралтай байна. Энэ асуудлаар би өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Түүний надад хэлж буйгаар бол үндсэн хөрөнгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барьцаалан суллаж өгөх боломж байна. Энэ боломжийг Нийгмийн даатгалын сан судалж үзэх асуудлыг ярьсан. 

"Тодорхой хэмжээгээр Капитал банкны үндсэн хөрөнгийн судалгааг гаргаж байгаа. Улмаар тодорхой үнэлгээтэй үндсэн хөрөнгийг танай санд санал болгоё. Үүнийг танай сан худалдаад мөнгөө барагдуулах боломжтой гэвэл үүнийг шийдэх боломж байна" гэсэн.

Нэг хүндрэлтэй асуудал байгаа нь Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж буй юм байна. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй учир үндсэн хөрөнгөтэй холбоотой асуудалд хөдөлгөөн хийхийг түр хязгаарласан, хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сан үндсэн хөрөнгө худалдаж авах боломжтой гэвэл прокурорын байгууллагуудад санал хүсэлт тавиад, асуудлыг шийдэж болох юм гэж Монголбанкны Ерөнхийлөгч хэлсэн.

Миний хувьд бол үндсэн хөрөнгийг бол авч болно. Үүнийг авахын тулд бид хоёр зүйл шаардах ёстой. Нэгдүгээрт, үндсэн хөрөнгийн чанарын асуудал,  хоёрдугаарт, зах зээлийн үнэлгээтэй холбоотой асуудлыг нэлээд судлах шаардлагатай. Үндсэн хөрөнгийг өндөр үнээр шахаж өгчихөөд дараа нь борлуулахад 105 тэрбум төгрөгийн хөрөнгийн хэмжээгээ барихгүй, алдагдал үүсч болзошгүй. Үүнийг бид судалж байж байр сууриа илэрхийлэхээр ярилцсан.

Монголбанкны шинэ Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын хөрөнгийг шуурхай барагдуулахад нэлээд анхаарал хандуулж, бидэнтэй хамтарч ажиллаж байгаа" хэмээлээ.