УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг 2019 оны ЭЕШ-д өндөр оноо авсан тойргийнхоо хүүхдүүдэд 500.000-1.200.000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Тэрээр энэ талаараа "УИХ-ын гишүүн миний бие тойргийнхоо буюу Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Баян-Өндөр, Богд, Бүрд, Гучин-Ус, Есөнзүйл, Өлзийт, Нарийнтээл, Сант, Төгрөг, Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дэмжих, тэдний оюуны чадавхи, хичээл зүтгэлийг нь үнэлж, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн жил ЭЕШ-д 700-гаас дээш оноотой шалгуулсан 13 хүүхэд 300.000-1.000.000 төгрөгийн шагнал хүртсэн билээ.

Энэ жил шагналын санг өсгөж хамгийн өндөр буюу 800 оноо авсан хүүхдийг 1.200.000 төгрөгөөр урамшуулахаар тогтлоо. Мөн 750-799 оноо авбал 800.000 төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 500.000 төгрөгөөр шагнахаар болсноо дуулгаж байна.

Эрхэм дүү нартаа Элсэлтийн ерөнхий шалгалтад нь амжилт хүсч, ирээдүйн зам нь үргэлж гэрэлтэй байхын ерөөл өргөе" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.