УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Хар машин асуудалтай гэдгийг сүүлийн хоёр сонгуулиас бүгд харж байгаа. Хар машины дүнг хянаж, 100 хувь гараар тоолъё гэхээр 50 хувиас хэтрүүлэхгүй л гээд байх юм. 50 хувь, 100 хувь тоолсон ч зарцуулах цаг нь ижил. Яагаад гараар 100 хувь хяналтын тооллого хийж болдоггүй юм бэ" хэмээн асуулаа.

Хариуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт "2008 оны сонгуулиар саналын хуудсыг гараар тоолдог байсан. Гараар тоолохдоо Болд гэсэн нэрийг Батболд гэж унших зэрэг асуудал гарсан гэж ярьдаг. Мөн сонгогчид 2-3 удаа санал өгөх боломж байсан ч гэж яригддаг. Үүнтэй холбоотой асуудлыг үндсэндээ 2012 оны сонгуулиар шийдсэн. Одоо сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ ашиглаж саналаа өгдөг, иргэний ухаалаг үнэмлэхтэй болсон. Хэзээ ч, хаана ч нэг иргэн хоёр дахин саналаа өгөх боломжгүй. 

Сонгуульд хар машин ашигласнаар саналын хуудсыг үнэн, зөв тоолдог болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн саналын хуудсыг засварлах, дүнг буруу тоолох боломжгүй. Үүний баталгаа нь 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль юм. Л.Болд гишүүн та хар хайрцагны тооллогын дүнгээр УИХ-д сонгогдож гарч ирсэн. Таыг санал тооллогод ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэж бодож байна. Тиймээс сонгуулийн хар машинд эргэлзэх шаардлагагүй. Эргэлзээ байж магадгүй гэж үзэн 2012 оноос хойш сонгуулийн саналын 50 хувийг гараар тоолсон. Ямар нэгэн маргаан, асуудал үүсч байгаагүй" хэмээлээ.