УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм. 

Энэ удаа нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал зарим гишүүд хуруугаар саналаа өгөх эсэх дээр асуулт асуухад УИХ-ын гишүүн С.Бямбацогт ийнхүү хариулсан юм.

"Миний бие гишүүдийн ирц, хариуцлагыг сайжруулах үүднээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг, саналаа өгдөг хууль хүртэл санаачилж өнгөрөгч онд батлуулсан. Үр дүнд нь гишүүдийн ирц сайжирч, хурлаа тасладаг, бусдын өмнөөс санал өгдөг хуудуутай байдал арилсан. Гэтэл өнөөдөр зарим гишүүд буруугаа техник рүү, хуруу уншдаг төхөөрөмж  рүү чихэх гэж булзаж улайрч байна. Үүнийгээ Үндсэн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах чухал хэлэлцүүлэг дээр цухалзуулж, улс төрийн увайгүй тоглолт хийж буй нь харамсалтай. Тиймээс аргаа барахдаа гараа  өргөж саналаа өгье гэсэн санал гаргасан хэрэг. Хариуцлагаас зугтааж  хуруу уншдаг төхөөрөмж рүү буруугаа чихэх булхайтай үйлдэл гарахаас сэрэмжилсэндээ л тийм санал гаргасан юм. Ойрын улс төр хийх гээд олсон ололтоо устгаад байх юм бол улс орон урагшаа яаж гишгэх юм бэ" гэлээ.