Амралтын өдрийн ажин түжний завсраар хэлмэгдэгсдийн музейг дээврээс нь нураагаад эхэлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад буй. Уг асуудлаар П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбатаас тодруулга авлаа.

Энэхүү байшинг 1930-аад онд герман инженер Герингийн зураг төслөөр Унгар, Швейцарь, Унгар ажилчид барьжээ. Дөрвөн талдаа хаалгатай, хоёр давхар тухайн үеийн хамгийн сайхан байшин гэгдэж байжээ.


- Хэлмэгдэгсдийн музейн албан ёсны өмчлөгч та мөн үү?

-Тиймээ, албан ёсны өмчлөгч нь. Энэ байшинг Намын нарийн бичгийн дарга байх үед өвөөд зориулж барьж өгсөн гэдэг. 1937 онд миний өвөө П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшинг нь хураасан түүхтэй. 1990 онд ээж бид хоёр өвөөгийн асуудлаар Москва руу явж нэлээн хөөцөлдсөний эцэст КГБ-ийн архивт орж, Горбачевт захидал бичиж байж өвөөгийнхөө цаазлагдсаныг мэдсэн.

Ингээд 1993 онд миний өвөө П.Гэндэнгийн ганц охин миний ээж Г.Цэрэндуламын санаачлагаар амьдарч байсан байшингийн шаврыг буулгаж хуучин төрхөнд нь оруулж өнөөгийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгож байсан түүхтэй.


-1980-аад онд энэхүү дурсгалт байшинг буулгах гэж байсан гэдэг үнэн үү?

-1937 онд эмчлүүлэх нэрээр ЗХУ руу явуулаад тэнд хилс хэргээр цаазлан хороосон. Ард үлсэн эмээг хүүхдүүдтэй нь тухайн үеийн нийгэм гадуурхаж Японы тагнуул, ЗХУ-ын дайсан, эсэргүүний хүүхэд гээд гэрт нь оруулаагүй гэсэн. Ингээд 1960-1993 он хүртэл ашиглахдаа байшингийн гадна талыг шавардсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөлөөлсөн. 

Энэ байр цэцэрлэг, гуанз, байгаль хамгаалах газар, пасспортны хэлтэс гээд олон байгууллагын гар дамжсаар 1980-аад онд буулгах дээрээ тулаад байсан юм.

Тухайн үед байшин тэр чигээрээ муудчихсан байсныг ээж бид хоёр хамгаалж авч үлдсэн. Шал нь цөмрөх гэж байхад нь төмөр хийж засаж бэхэлсэн. 1993 оноос эхлэн гурван жил засаж сэлбэж музей болгон нээгдсэн юм.


-Түүнээс хойш хэлмэгдэгсдийн музейд их засвар хийсэн үү?

-2003 онд ээжийг нас барсны дараа энэ музейг бараг устгасан. Засгаас мөнгө гаргаж засч байна гэх нэрийдлээр зарим хүмүүс дотор нь байсан зүйлсийг хагалж эвдлээд хаячихсан. Хэлмэгдсэн хүмүүсийн нэрийг алтан үсгээр бичсэн самбарыг гэхэд хайсаар байгаад Хуримын ордны фудволын давхраас олж билээ. 2004 оны 6 дугаар сарын 1-ээс би тус музейн даргаар томилогдсон. Түүнээс хойш би бүх зардлыг нь гаргаж засаж, сэлбэж бүрэн ажиллагаатай болгосон юм.


-Ямар шалтгаанаар музейн үйл ажиллагааг зогсоосон юм бэ?

-Хэчнээн тордож янзаллаа ч гэсэн байшин нь ерөнхийдөө муудсан. Өвөл болохоор доороо хөлдчихдөг. Дээврээсээ байнга ус гоождог учраас байнгын засвар хийх хэрэгтэй болдог. 

2007 онд  Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. 

Тухайн үед “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн дүгнэлт гарсан. 

2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан. Бид музейг ЕБС-ийн сурагчдыг үнэгүй үзүүлдэг байсан юм. Дүгнэлтээр 94 хувийн элэгдэлтэй гэж гарчихсан байшинд хүүхдүүд юм үзэж яваад дарагдвал яах вэ. Тийм учраас хоёр жилийн өмнөөс хаасан.

Мэргэжлийн архитекторын дүгнэлтээр анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж гарсан. Гадны мэргэжилтэнгүүд ирэхэд ч үзүүлж харуулж байсан ч осолтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Бохирын хойшоо явж байгаа хоолойны орчмоор бохир нь нэвчсэн, өвөл болохоороо хөлдөөд гараад ирдэг. 


-Иргэд олон нийтийн зүгээс түүхэн дурсгалт байшинг нураах гэлээ гэж нэлээн эсэргүүцэж байна. Энэ тал дээрх таны байр суурь?

-Яг үнэндээ музейн байшинд тулгуур тавиад 5-10 жил аргацаах уу, үр хойчид үлдээх дурсгал болгох уу гэдэгт асуудал байна. Би энэ байшинг мөнхрүүлж, орчин үеийн музей болгоно. Зүгээр л сумын төвийн байшин шиг байлгаад байж таарахгүй. Ингэхдээ төсвөөр хөрөнгө авахгүйгээр энэ музейн байшинг бүтнээр нь үлдээж, сэргээн засварлах төсөл хэрэгжүүлнэ. 

Намайг зарим нэгэн хүн энэ музейг устгах нь гэж буруу ойлгож байгаа бололтой. Улаанбаатарт миний өвөө Гэндэн, аав Содномын нэрээр нэрлэсэн гудамж байна. Би түүхийн үнэ цэнийг ухамсарлаж байгаа учраас хадгалж хамгаалахад өөрийн үүргээ гүйцэтгэнэ. Тийм ч учраас би оюутан сурагчдад музейгээ үнэгүй үзүүлдэг байсан юм. Томчууд бол бараг орж ирдэггүй юм. Хэлмэгдүүлэлт гэдэг ямар ч үед гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Тэр гашуун түүхийг давтахгүйн тулд л түүхээ мэддэг байх учиртай. Тийм учраас би энэ музейг авч үлдэнэ гэдгээ ам бардам хэлнэ. 


-Музейг сэргээн засварлах төсөл хэдэн жилийн дараа хэрэгжих вэ?

-Энэ байшин ямар ч хундаамгүй баригдсан. Тиймээс эхлээд суурьтай болгоно, битүү шилэнд оруулж байж л хамгаалагдана. Энэ төсөл дараа жилээс юм уу хэрэгжинэ. Аль болох хурдан хийхийг хичээнэ.


-Ингэхэд үзмэрүүдийг хаана хадгалж байгаа вэ?

-Түүхийн музейд бий. Бүгд лацтайгаар хамгаалагдаж хадгалагдаж байгаа.


МЭДЭГДЭЛ

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулж дараах мэдэгдэлийг гаргаж байна: 

Уг дүнзэн модон хоёр давхар барилгыг П.Гэндэнгийн гэрт зориулж 1928 үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан. 

1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн буудан алж байшингийг нь хураасан байдаг. 1993 онд П.Гэндэнгийн ганц охин Г.Цэрэндүламын санаачлагаар П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музейг байгуулсан.

1960-аад оноос 1993 он хүртэл гадна талын шавардсан байсан нь барилгын насжилт, чанарт муугаар нөөлөөлсөн байсан. Музей байгуулах зорилгоор анх 1993 онд засвар хийж 1996 оны 9-р сарын 10-нд нээсэн. 2003 онд дахин засвар хийсэн боловч 2007 онд “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн Дүгнэлт гарсан. Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан байдаг. 

Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан. 

Дээрх Дүгнэлтийн дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг дурсгалт барилгыг сэргээн засварлах зураг төсөл боловсруулах мэргэшсэн архитектор хийсэн. Мөн түүнчлэн мэргэжлийн, сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа.

 Энэхүү сэргээн засварлах төсөл хэрэгжснээр: 

1. П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно; 

2. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтанд орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно; 

3. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна. ИЙМД: Сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгуй байхыг хүсье. П.ГЭНДЭНГИЙН НЭРЭМЖИТ САН