УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар цалингаа хоёр дахин нэмсэн гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд тавигдсан. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга С.Батбаатараас тодрууллаа.

- Коронавирусийн цар тахлын энэ үед УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад төрийн өндөр албан тушаалтан, дарга нар цалингаа нэмсэн тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар?

- Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны 472 дугаар тогтоолоор төрийн нийт албан хаагчийн цалинг 8 хувь нэмсэн. Түүнээс хойш огт нэмэгдээгүй. Энэ нь 2019 оны сүүлч учир цар тахлын үетэй хамаарахгүй.

- Тус мэдээлэлд Засгийн газраас 2020 оны 2 дугаар сард гаргасан 75 дугаар тогтоолыг дурдсан байсан?

- Тус 75 дугаар тогтоол улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын цалин нэмэгдээгүй.

- Дарга нар олон жилийн, зэрэг дэвийн гээд нэмэгдэл авдаг. Үүнд төрийн өндөрлөгүүд хамрагддаг уу?

- Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бол улс төрийн албан тушаалтан. Эдгээр хүмүүст төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн гэх нэмэгдэл байдаггүй юм. Дээрх нэмэгдлүүд нь төрийн жинхэнэ албан хаагч буюу захиргааны, тусгай албан тушаалтанд л хамаардаг.   


Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс