Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийг оршуулах ёслол Туркийн нийслэл Истанбул хотод баасан гарагт болсон байна.

Сэтгүүлч өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Турк улсад суугаа Саудын Арабын Консулын газарт амь үрэгдсэнээс хойш түүний цогцос олдоогүй тул дээрх оршуулгын ёслолыг түүний цогцосгүйгээр хийжээ.

Баасан гарагт Истанбул хотын нэгэн сүмд болсон уг ёслолыг хэсэг сэтгүүлчид зохион байгуулсан бөгөөд амиа алдсан сэтгүүлч Ж.Хашоггийн төлөө олон хүн эмгэнэл илэрхийлж, сүмд цугласан байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зөвлөх Яшин Актайн хэлснээр, тус улсын засгийн газар гэмт хэрэгтнийг илрүүлэх хийгээд сэтгүүлчийн цогцосыг олохын тулд мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэх аж.

Уг хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын прокурорын газраас 11 хүнд хэрэг үүсгээд байгаа бөгөөд тэд энэ хэрэгт угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг оролцсон гэх яриаг үгүйсгэж байгаа юм. Харин Туркийн засгийн газар прокурорын газрын уг мэдэгдлийг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Оршуулгын ёслолд оролцсон Ж.Хашоггийн найз хэлэхдээ, Саудын Арабын эрх баригчдын хийсэн тайлбарт ямар ч утга учир алга хэмээгээд, түүнийг хөнөөхийг хэн даалгасныг илчлэхийг шаарджээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK