ЭР-РИЯД. /CNN/. Саудын Арабын баруун өмнөд нутагт байрладаг “Abha” олон улсын нисэх онгоцны буудал хоёр сарын хугацаанд хоёр дахь удаагаа дроны халдлагад өртлөө. Өчигдөр болсон халдлагын үеэр 9 хүн шархадсан гэж Саудын Араб тэргүүтэй эвсэл мэдээлжээ.

Al-Masirah” агентлагийн мэдээлснээр, Йемений Ираны дэмжлэгтэй Хусит босогчид мягмар гарагт болсон халдлагын хариуцлагыг хүлээжээ. Хусит босогчидтой тэмцэж буй Саудын Араб тэргүүтэй эвсэл уг халдлагад Техран оролцсон байж магадгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг “Abha” уулын бүсэд оршдог нисэх буудалд болсон халдлагын улмаас шархадсан хүмүүсийн дунд Саудын Арабын найман иргэн, Энэтхэгийн нэг иргэн байжээ. 

"Террорист хусит босогчид энгийн иргэдийг онилон удаа дараа ёс суртахуунгүй халдлага үйлдэж байна" гэж Саудын Араб тэргүүтэй эвслийн хэвлэлийн төлөөлөгч Турки аль-Малки мягмар гарагт мэдэгдээд, халдлагуудад дэвшилтэт технологи ашиглаж буй нь Ираны оролцоо бий гэдгийг баталж байна хэмээн хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг