ДОХА. /RIA Novosti/. Саудын Арабын эрх баригчид улсынхаа эмэгтэйчүүдэд Зэвсэгт хүчинд алба хаахыг зөвшөөрчээ.  

Саудын Арабын "Аш-шарк аль-аусат" сонинд мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалах яам эмэгтэйчүүдийг цэргийн албанд хүлээж авч эхэлсэн байна. Тэд Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүчин, стратегийн пуужингийн анги нэгтгэл болон эмнэлгийн алба зэрэг Зэвсэгт хүчний янз бүрийн салбарт жагсаалын цэрэг төдийгүй офицерийн алба хааж болох аж.

Саудын Арабын эмэгтэйчүүдэд цэргийн алба хаахыг зөвшөөрсөн нь урьд өмнө хамгийн консерватив улс байсан тус улсад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг өөрчлөхөд хийж буй шинэ алхам юм. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирдлага дор боловсруулсан "Алсын хараа-2030" эдийн засгийн өөрчлөлтийн хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүдийг шинэчлэлийн хөдөлгөгч хүчүүдийн нэг болгохыг зорьж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг