"Old town road" дуугаараа дэлхий нийтэд танигдсан реппэр Lil Nas X өнгөрөгч Бямба гарагт “Montero (Call Me By Your Name)” хэмээх шинэ дуугаа видео клипийн хамт цацсан билээ. 

Видео клип дээр реппэр Lil Nas X Сатантай дотносож дүрслэгдэх бөгөөд түүний гуян дээр суугаад бүжиглэж байгаа ч дүрс оржээ. Тэрээр уг этгээд видео клиптэйгээ хослуулан MSCHF хэмээх уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч, олныг цочирдуулам, сатаник сникерийг бүтээсэн байна. 

Nike

Сникерийн хувьд Nike брендийн Air Max 97-г гадна үзэмжийн хувьд өөрчилсөн загвар бөгөөд хар өнгийн энэ сникерийн үдээснээс нь алтан пентаграм унжуулж, хийтэй улалгаан дотор нь улаан бэх асгасан нь "хүний цус уу?" гэлтэй харагдана. (Nike брендээс даруй ямар ч хүний цус ашиглаагүй гэдгээ мэдэгдсэн.) 

Энэхүү сникерээс нийт 666 ширхэгийг худалдаанд гаргасан ба үнийн хувьд нэг хосыг 1,018 доллараар зарсан юм. Яагаад 1,018 доллар вэ гэвэл Библийн сургаалийн ишлэл 10:18-д "Сатан диваажингаас яг л аянга шиг бууна" гэсэн байдаг ажээ. Гэсэн ч MSCHF уран бүтээлчдийн нэгдэл CNN-д өгсөн ярилцлагадаа сникерийн уланд хөвөх улаан шингэн бол дизайны багийн гишүүдийн цус гэжээ. 

Nike

Тэгвэл амралтын өдрүүдэд АНУ-ын Өмнөд Дакотагын захирагч Кристи Ноэм өөрийн твиттер хуудаснаа "Бид өөрсдийн үндэстний мөн чанарын төлөөх тэмцэлд байна. Энэ тэмцэлд бид ялах хэрэгтэй" хэмээн жиргэжээ. Түүний энэ жиргээг гайхсан хүмүүс хэнтэй эсвэл юутай тэмцэлдээд байгааг нь нэг л ойлгож өгөхгүй, цар тахал, буут халдлагын тухай ярьж байна гэж таасан ч Ноэмын хувьд ердөө л Lil Nas X-ийн гаргасан шинэ сникерийн тухайд тэмцэх хэрэгтэй хэмээсэн нь тэр байжээ. Энэ мэт олон шүүмжлэл гутлыг дагалдсан бөгөөд өөр нэгэн жиргээч "Cardi B "WAP" гэх дуу гаргаад оны шилдэг эмэгтэйгээр тодорсон. Харин одоо энд биднийг Сатаны гутлыг өмсөхийг уриалж байна" хэмээн дургүйцжээ. 

Nike

Нэг талаас энэ сникер бол Lil Nas X-ийн шинэ дуу, клипээ олонд хүргэх гэсэн нэг арга байж болох ч нөгөө талаас энэ бүгд хуучинсаг үзэлтэй хэсэг бүлэг хүмүүсийг албаар турхирсан зохион байгуулалттай өдөөн хатгалга ч байж болох юм. 

Алин ч байсан энэ сникерийн тал дээр зөвхөн консерватив үзэлтнүүд дургүйцлээ илэрхийлээд зогсоогүйгээр барахгүй NBA-ийн тоглогч асан Ник Ионг өөрийн твиттер хуудаснаа "Миний хүүхдүүд дахиж хэзээ ч "Old town road" дууг сонсохгүй" гэж жиргэсэн юм. Түүнчлэн дахиж Nike брендийн гутал өмсөхдөө ч эргэлзэж буйгаа хэлсэн ч дараахан нь өөрийн хаягыг хакердуулсан байх хэмээн наргиад уучлал гуйжээ. 


NikeНоэмын дургүйцэл бүхий жиргээнд Lil Nas X хариу өгсөн нь "Та бүхэл бүтэн нэг мужийн захирагч байж энд нэг муу сникерийн тухайд жиргээд сууж байх гэж. Ажилаа л хий" хэмээжээ. 

Ямартай ч сникер нь Даваа гараг гэхэд худалдаанд гарсан даруйдаа бүгд зарагдаж дууссан ч түүнийг дагалдсан хэл ам дуусаагүй байна. 

Nike брендийн зүгээс "Lil Nas X Satan shoes"-г бүтээсэн MSCHF уран бүтээлчдийн нэгдлийг  холбооны худалдааны тэмдгийг ашиглах хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд дууджээ. Учир нь дээр дурдсанчлан MSCHF уран бүтээлчдийн нэгдэл сникерийн улалгаанд хүний цус ашигласан гэж мэдэгдсэн нь брендийн нэр төрд халдсан гэж үзсэн байна. Гэвч хуулийн байгууллагаас Nike брендийг худалдааны тэмдэгийнхээ ашиглалтыг өөрсдөө хянаж байх ёстой байсан хэмээн буруутгаж байгаа аж. 


Эх сурвалж: GQ