“Сартай уншлага” энэ удаа экзистенциалист зохиолч Франц Кафкагийн “Хувирал” туужийг  онцолжээ. Уг тууж “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагчдын нэг, орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулгаар олон түмэнд хүрсэн юм.

Өглөө сэрэхдээ үзэшгүй муухай шавьж болон өрөөндөө сэрэх Грегор Замза хэмээх залуугийн сэтгэл зүй, гэр бүлийн тухай өгүүлэх уг туужаар нийгэм, хүний оршихуй, сэтгэлийн гүнд нуугдаж байдаг харгис үнэнүүдийн талаар өгүүлдэг билээ.

Бодит болон бодит бус үйл явдлыг хослуулсан энэ тууж одоогоос 102 жилийн өмнө анх хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш шүүмжлэгч, судлаачид хэдэн зуун эссэ, анализ бичиж, өөр өөрийн таамгийг дэвшүүлсэн байдаг. 

Энэ бямба гаригт “Black box” театрт болох “Сартай уншлага”-ын туужийг жүжигчин Я.Билгүүнсар уншиж, морин хийлийн гунигтай, эрэмгий, түгшүүрт сэтгэлийн өнгүүдтэй хорших юм. Мөн туужийн нэгээхэн хэсгийг модерн бүжгээр илэрхийлэх гэнэ. Театрчилсан уншлага дуусахад орчуулагч Ж.Тэгшзаяа зохиолын талаар уншигч, үзэгчидтэй дэлгэрэнгүй яриа өрнүүлэх бөгөөд арга хэмжээний тасалбарт  “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” ном дагалдах ажээ.