Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд бүх нийтийн их цэвэрлэгээ хийх талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна” гэлээ.

Мөн тэрээр "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна. 

Тодруулбал, нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ. Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэнэ. Мөн машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 30-н хүртэл хийнэ" хэмээлээ.

Мөн өнгөрсөн хугацаанд явган халдваргүйжүүлэлтийг 1.4 сая м2 бохирдол ихтэй талбайд хийсэн байна.