Жүжигчин Сара Жессика Паркертай кинонд хамт тоглосон жүжигчин түүнийг тун эвгүй байдалд оруулсан тул менежертээ хэлэхээс өөр аргагүйд хүрчээ. Америкийн олон нийтийн радио NPR-ын “Fresh Air” нэвтрүүлэгт зочноор оролцохдоо саяхныг хүртэл шоу бизнес дэх эрчүүдийн талаарх таагүй мэдрэмжээ өөрөө ч мэддэггүй байсан гэж ярьжээ. Хэдэн сарын өмнөх Me Too хөдөлгөөнөөр эмэгтэй дуучид, жүжигчид ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн түүхээ хуваалцаж эхлэхэд л өөртөө итгэлтэй болсон гэнэ. 

“Надтай зүй бус харьцсан, эвгүй хандлага гаргасан, илт хандарсан маш олон дурсамж сэдрэх шиг болсон. Тэр үед юу хийхээ мэдэхгүй зүгээр мартахыг, үл тоохыг хичээж, ажлаа хийсэн хэвээр байсан” хэмээн сэтгэлээ уудалсан. 

HBO “Divorce” олон ангит киноны 3-р бүлэгт тоглож буй Паркер тухайн үед өөрийгөө хамгаалах зориг яагаад байгаагүйг одоо ч гайхдаг ба бэлгийн дарамтаас үүдсэн сэтгэл санааны хямралаа ч мэдээгүй байжээ. Зарим үед хошигнол болгоод өнгөрдөг байж. Зарим үед сонгуулиар хэнд саналаа өгөхийг нь хүмүүст хэлнэ шүү гэж тоглоом хийж бултдаг байсан гэх. 

Ингэж явсаар “нэгэн алдартай жүжигчин”-ий үйлдэл хэрээс хэтрэхэд менежертээ хэлсэн аж. Менежер нь ямар ч эргэлзээгүй өдөөн хатгагчдын нэрийг илчилж, үүнд оролцсон бүх хүмүүсийг гэрээний заалт зөрчиж буйг нь сануулсан. Бас “Хэдхэн цагийн дотор л бүх юм өөрчлөгдсөн. Менежер маань “Энэ явдал ахиад гарвал би энэ хотоос явах нэг талын тасалбар Паркерт өгчихнө. Тэр эргэж ирэхгүй шүү” гэсэн” гэв.