ТОКИО. /RIA Novsoti/. Японы тэрбумтан Юсаку Маэзава өөртэй нь хамт Сар руу нисэх бүсгүй шалгаруулах уралдаан зарласнаа олон нийтийн сүлжээн дэх хуудсуудаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр шалгарсан бүсгүйтэй зөвхөн сансарт аялаад зогсохгүй амьдралаа холбох аж.

“Энэхүү онцгой газар руу онцгой хүнтэй аялахыг хүсэж байна. Мөн энэ уралдаанаар дамжуулан амьдралынхаа ханийг олохыг хүсэж байна. Маэдзаватай хамт нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах хүсэлтэй охидын дунд уралдаан зарлаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Уралдаанд оролцох бүсгүйчүүд гэрлээгүй, 20-иос дээш настай, эерэг хандлагатай, хөгжилтэй, мөн сансарт нисэх бэлтгэлийг үнэн сэтгэлээсээ чармайж хийхэд бэлэн байх ёстой гэнэ. Уралдаан энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Маэзава өөрийн дурлалт бүсгүй болох Японы загвар өмсөгч, жүжигчин Горики Аямэтэй хамт Сар руу аялж магадгүй гэж 2018 онд мэдэгдэж байжээ. Гэвч өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Японы нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа найз бүсгүйгээсээ салснаа хэлсэн байна. Түүнээс салсны гол шалтгаан нь өдгөө 27 настай Горики сансарт нисэх бэлтгэлийг хийхэд бүх хүчээ дайчилж чадаагүй эвсэл хүсээгүй харин жүжигчний хувиар илүү их ажиллахыг хүссэнтэй холбоотой гэнэ. Өдгөө 44 настай тэрбумтан түүнийг амьдралынхаа ханиар сонгохоор шийдсэн байсан боловч Сар руу аялах талаар санал бодол зөрөлдсөний улмаас хоёр тийш болжээ.

Маэзава нь Японы амжилттай бизнес эрхлэгч, цуглуулагч төдийгүй зугаа цэнгэл хөөсөн баян залуу гэдгээрээ алдартай байна. Тэрбээр Илон Маскийн “SpaceX” компанийн 2023 онд Сар руу нисэх төсөлд оролцоно гэж өмнө нь мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг