Та зөвхөн өөртөө зориулж цаг зарцуулах, уур бухимдал, ядаргаагаа гаргаж болох хэчнээн газрыг нэрлэж чадах вэ? Хүмүүс ихэндээ ой мод, ууланд алхах, хөдөө байгаль, цэвэр агаарт гарах зэргээс хэтэрдэггүй гэнэ. Тэгвэл их хотын чөлөө завгүй амьдралд өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, юу хүсэж буйгаа мэдэх боломжтой цөөхөн газрын нэг бол галерей юм.

Австралийн Күийнсландийн их сургуулиас явуулсан судалгаанд уран зургийн галерей, музейгээр зочлох нь мэдрэлийн ядаргааг байгальд аяласантай дүйцэхүйц тайлдаг болохыг баталсан байдаг. 

Мөн Лондонгийн их сургуулийн профессор Семир Зеки сонгодог уран зургийг ширтэх үед хүний тархинд дурласантай ижил мэдрэмж төрж аз жаргалтай болдгийг тогтоосон гэнэ. Тэрээр судалгааг авахдаа: 

Сандро Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Иероним Босхын, Клауд Моне, Леонардо Да Винчи зэрэг уран бүтээлчдийн 30 орчим алдартай уран зургуудыг  оролцогчдод харуулан, тухайн үеийн тархины үелзлийг нь бичиж авчээ. Ажиглалтаар Сандро Боттичеллигийн "Венера мэндэлсэн нь", Жон Констеблийн "Солсберийн сүм" зэрэг үзэсгэлэнтэй, нүд баясгасан уран бүтээлийг ширтэх үед тархинд таашаал, аз жаргалыг нэмэгдүүлэгч дофамин даавар ялгарч, цусны эргэлт хайртай нэгнээ харсан мэт түргэссэн гэнэ. Харин бараан өнгө голлосон, айдас мэт хачирхалтай мэдрэмж төрүүлэм бүтээлийг харах үед цусны эргэлт болон дааврын ялгарал багассан ч тархины үйл ажиллагаа нь илүү идэвхэжсэн аж. 

Хөл хорионы үед  ч гэрээсээ галерейн бүтээлүүдийг үзэх боломж бий. Дэлхийн алдартай  галерей, музейнүүд  цар тахлын үетэй холбогдуулан бүтээлүүдээ интернэтээр дамжуулан хүмүүст хүргэх болсон. Манай уран зургийн галерейгууд ч бас үзмэрүүдээ виртуаль хэлбэрээр хүргээд эхэлжээ. Тодруулбал "Зориг сан", Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Урлахуй баг “Карантин дахь галерей” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аж.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг дөрвөн галерейн танилцуулга, галерейн үзэсгэлэн 360º бичлэг, тайлбартайгаар, мөн уран зураг, зураачтай холбоотой сонирхолтой ярилцлагыг подкаст хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ. Тиймээс  галерейд очсноос ч илүү олон мэдээллүүдийг гэрээсээ авах боломж юм. Одоогоор Монголын уран зургийн галерей болон  Монгол арт галерейн бүтээлүүдийг хүргээд байгаа аж. 


Галерейд болзох уу… 

Монголын уран зургийн галерей  1921 оны Ардын хувьсгалаас өнөөдрийг хүртэлх уран зураг, уран баримал, хөөмөл, зээгт наамал зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээлийг хадгалдаг Монголын цорын ганц төрийн өмчит галерей ажээ. 

Сонирхуулахад галлейн зүгээс сэтгэл заслын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг төдийгүй залууст чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах болжээ.

Энэ талаар тус галерейн захирал Б.Сарантуяа “Сүүлийн жилүүдэд манай галерейгаас урлагийн сэтгэл заслын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг жишээ бол “Агуу зураачдын хөтөлбөр” юм. Таныг уран зургийн сор бүтээлүүдийг дуурайн зурахад бүх хэрэглэгдэхүүнийг бэлтгэж өгдөг. Чиглүүлэгч багш нар ажиллах ба  алийг нь зурахаар шийдэх сонголтоос л таныг дүгнэж эхлэнэ. Зураг зурах үедээ хүмүүс цаг хугацааны хязгааргүйгээр бүтээлдээ бүрэн төвлөрч, байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр гээд стресстүүлж болох бүхий л бодлоос холдож чадна.” гэсэн юм. 

Улаанбаатар хотод залуусын чөлөөт цагаа  өнгөрүүлэх газар цөөхөн. Хэрэв болзохоор болвол кофе шоп, кино театр гэсэн хэдхэн газраар л хязгаарлагддаг. Улаанбаатар хотод залуусын чөлөөт цагаа  өнгөрүүлэх газар цөөхөн.  

Сүүлийн үед залуусын дунд музей, галерейд болзох хандлага дэлгэрч байна. Ялангуяа галерей хосуудыг илүү дотно болгох нам гүм орчныг бүрдүүлж байдаг. Ийм орчинд хүн өөрийн чин хүслээ таньж мэдэх, илэн далангуй илэрхийлэх чадамж нь нэмэгддэг гэнэ. Тиймээс галерейн зүгээс “Намрын үдшийн галерей” зэрэг залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулах болжээ.

Галерейн 360º бичлэгийг эндээс үзнэ үү. 



 Хүүхдийн голчлон ашигладаг өнгө сэтгэл зүйтэй нь холбоотой

 

 "Монгол арт" галерей нь үйл ажиллагаа явуулаад хоёр жил болж байна. Мэргэжлийн зураачдын бие даасан болоод хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг гаргахын зэрэгцээ бүтээлч өдөр, мастер класс, зургийн уралдаан, номын нээлт, уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг аж. 

Уг галерейн онцлог нь мэргэжлийн зураачдын бүтээлийг үзээд зогсохгүй өөрөө зураг зурах боломжтой гэнэ. Тухайлбал бүтээлч өдөр гэх үйл ажиллагаанд байгууллага, хамт олон, найз нөхөд гээд олуулаа оролцдог бол хүүхдийн уран зурагтай үдэшлэгээр хүүхдүүдэд зураг зурах, бүтээл туурвих анхны ойлголтыг олгодог байна.

Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав  "Эцэг эхчүүд хүүхдийнхээ авьяасыг нээхэд туслаагүй байж авьяасгүй гэж тооцон, “Ийм мэргэжилтэй бол” хэмээн тулгадаг. Хүүхдийн авьяас, сонирхлыг нээхэд уран зураг чухал нөлөөтэй. Олон өнгө дундаас алийг нь сонгож, өчнөөн олон сэдвээс юуг онцолж зурж байна гэдгийг  ажиглах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд бараан өнгөтэй зураг их зурвал хүүхдийн сэтгэл доторх гутрал тавгүйрхэл, тэр дундаа гэр бүлийн асуудалтай шууд холбоотой. Энэ мэтчилэн зургаар хүүхдээ таньж, мэдэж болох юм” гэлээ. 

                    

Галерейн 360º бичлэгийг эндээс үзнэ үү.